Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн 2020 оны эхний хагас жилийн төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж, төлөвлөгөөний биелэлт, явцыг НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа.
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1343 дугаар захирамжаар батлагдсан “Нэг хот-Нэг стандарт” болзолт уралдааны хоёрдугаар улирлын үнэлгээг удирдамжид заасны дагуу нээлттэй тендерт шалгарсан төрийн бус байгууллага хийж гүйцэтгэжээ.
Зөрчлийн мэдээлэл оруулж буй хэсгийн ахлагч нарын үйл ажиллагааг хөнгөвчлөх, мэдээллийн хурд, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн сангийн хамтран хэрэгжүүлж буй “Хотын засаглал” төслийн дэмжлэгтэйгээр зөрчлийн мэдээлэл бүртгэх гар утасны программ хангамжийг боловсруулж, ажиглалтад оруулсан байна. “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хоёрдугаар улирлын төлөвлөгөөний биелэлт 71 хувьтай байгаа аж.
Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нэг хот-Нэг стандарт болзолт уралдаан нь хотын ажлыг идэвхжүүлэх зорилготой уралдаан. Хүнийхээ аюулгүй байдлыг хангасан, хүн рүүгээ чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээр бид зорьж ажиллаж байна. Бид нэг хотод амьдарч байгаа бол нэг стандартыг мөрдөх ёстой. Амжилттай оролцсон дүүрэг, хороодыг урамшуулж, хариуцлагагүй оролцсоныг нь олон нийтэд нээлттэй зарла. Ажлаа хийж чадахгүй байгаа дүүргийн удирдлагуудыг мөн зарлах хэрэгтэй” гэлээ.