Улиастай сумд тарваган тахлын сэжигтэй тохиолдол хэмээн 07-р сарын 25-ний өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдаад байсан өвчтөний шинжилгээний хариу сөрөг гарсан тухай аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээлэв.
Шинжилгээний хариу 48 цагийн дараа буюу өчигдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдолд хийсэн нян судлалын болон биологийн шинжилгээгээр тарваган тахлын халдварыг үгүйсгэсэн байна. Мөн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лавлагаа лабораторийн молекул генетикийн шинжилгээгээр тарваган тахлын өндөр хоруу чанартай нянгийн өвөрмөц ген тодорхойлогдоогүй.
Тарваган тахал өвчний шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Эхний өдөр дээрх өвчтөний хөөмийн арчдас, булчирхайн шүүдэс зэрэгт нян харах болон нян судлалын шинжилгээг аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн лабораторид хийжээ. Мөн өчигдөр буюу 07-р сарын 26-ний өдөр өвчтөний хөөмийн арчдас, булчирхайн шүүдэс, цусны ийлдэс зэрэгт Тарваган тахлын түргэвчилсэн оношлуур тестээр шинжилгээ хийж үзэхэд тарваган тахлын өвөрмөц эсрэг төрөгч илрээгүй сөрөг гарсан байна.
Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төв, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн энэ ажлыг шуурхай удирдан зохион байгуулж нэгдүгээр хавьтлын иргэдийг бүрэн хяналтад авсан байжээ. Өнөөдрийн байдлаар нэг, хоёрдугаар хавьтлын иргэдийг тусгаарлалт, ажиглалтаас гаргана хэмээн Зоонозын өвчин судлалын төвөөс нэмж дуулгалаа.