Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хоёр улсын эрүүл мэндийн салбарын уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ цаашид БНХАУ-тай анагаах ухаан, эрүүл мэндийн шинэ дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэхэд чиглэсэн хамтарсан үйл ажиллагаанууд хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Тэрчлэн дэлхий нийтийг хамраад байгаа КОВИД-19 халдвартай тэмцэхэд БНХАУ-ын Засгийн газраас шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл болон хувийн хамгаалах хэрэгслийг буцалтгүй тусламжийн хэлбэрээр олгосон явдалд салбарынхаа нэрийн өмнөөс дахин талархлаа илэрхийллээ.
Тэрбээр Монгол Улсын хувьд цартахлын халдварыг хүн амын дунд тархахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр ажиллахын зэрэгцээ цаашид урт хугацаандаа цартахал болон эрүүл мэндийн бусад онц ноцтой үйл явдал тохиох үед бэлэн байдлыг хангах чиглэлд онцгой анхаарч ажиллаж байна гэлээ.
Элчин сайд Цай Вэньруй Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд Сайд Т.Мөнхсайханд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсээд КОВИД-19 халдвартай тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд үр дүнтэй байгааг онцолж, хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа идэвхитэй хөгжиж байгаад баяртай байна гэв. Тэрээр БНХАУ-ын дарга Си Жиньпин энэ жилийн Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн үеэр дэлхийн улс орнуудад хандаж Хятад Улс КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх арга заавар зэргийг дэлхий нийтийн хүртээл болгож хамтран ажиллана гэж мэдэгдсэнийг онцолж, үүний дагуу хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд шинэ мэдлэг, мэдээлэл, технологийг хуваалцаж ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтад БНХАУ-ын Элчин сайдын яамнаас Элчин зөвлөх, Соёлын асуудал эрхэлсэн зөвлөх болон албаны бусад хүмүүс байлцав.