Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын дарга Ч.Энх-Амгалан, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга болон бусад холбогдох албаны хүмүүс өнөөдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцаж, барилгын ажлыг явуулахад саад учруулж байгаа хашааг буулгахаар боллоо.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Орон сууцны хороолол дунд сургууль, цэцэрлэг баригдаж байгаа газрын барилгын ажлыг явуулах нөхцөл боломжийг нь хааж хашаа барьсан байна. Энэ асуудлыг сая холбогдох байгууллагууд газар дээр нь ажиллаж шалгалаа. Цаашид сургууль, цэцэрлэгийн барилгын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг хангах үүднээс өнөөдөр хашааг нь буулгаж, газрыг нь чөлөөлнө. 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орон сууцны хороолол доторх орц гарц, авто замын асуудлыг шийдвэрлэхээр тусгагдсан. Тийм учраас энэ ажлыг цаашид үргэлжлүүлж ажиллана” гэв.
Мөн энэ үеэр холбогдох албаныхан тухайн хорооны орон сууцны хорооллын авто замын сүлжээг нэмэгдүүлэх, шаардлагатай газруудад орц, гарц шинээр гаргах асуудлыг судалж, боломжтой газруудад орц, гарцыг нэмэгдүүлж ажиллахаар болсон юм.
Дараа нь газар чөлөөлөлтийн ажил Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хорооны заагт байрлах Маршал таун хотхоны хажуугийн контейнерыг чөлөөлснөөр үргэлжилж байна.
Газрын тухай хуулийн 57.3, 57.4 дэх заалтаар иргэд, оршин суугчдын явах зам, орц, гарцыг чөлөөлөх ажлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.
Энэ хүрээнд Маршал тауны хажуугийн орц, гарцыг чөлөөллөө. Ингэснээр хотхоны 3000 орчим оршин суугчдын орж, гарах нөхцөл боломжийг бий болгож байна.