Цар тахлын эрсдэлийн удирдлага ба гадаадад гацсан Монголчууд

 – Синдикат ярилцлага #52 –

Нэвтрүүлгийн 52 дахь дугаар танд мульти форматаар хүрч байна. Цар тахлын эрсдэлийн удирдлага, гадаадад гацсан Монголчуудын асуудлыг энэ дугаараар хөндлөө. Нэвтрүүлгийн зочдоор Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гадаад Харилцааны Яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, Хүний эрх хамгаалагч Б.Болорсайхан, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Б.Энхгэрэл нар оролцлоо.

В.Ганзориг: Улсын онцгой комиссын хамгийн том асуудал өнөөдрийн байдлаар юу байна вэ? Түүнийгээ шийдэхийн тулд юу хийж байгаа бол?

Б.Ууганбаяр: Улсын онцгой комиссын Шуурхай штаб зөвхөн гадаадад байгаа Монголчуудаа татан авах чиг үүрэгтэй биш. Гэхдээ яах аргагүй өнөөдрийн хувьд хэрэгжүүлж буй үндсэн том функц гадаадад байгаа Монголчуудаа татан авах ажиллагаа болж байна. Штаб байгуулагдаад бодлого стратегиа боловсруулах, татан авах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, байгаа нөөцөө тодорхойлох гээд гурван том зорилт дэвшүүлсэн. Сүүлийн дөрвөн сар гадаадад байгаа олон Монголчуудаа татан авах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Яг өнөөдрийн байдлаар бид зохион байгуулалттайгаар 14 мянган иргэнээ татсан. Долоон сарыг зургаан сартай харьцуулбал татан авалтаа 54 хувиар нэмэгдүүлсэн. Долоон сард зөвхөн агаараар 4 мянган иргэнээ авч ирсэн. Гэсэн ч бүх хэрэгцээг хангаж дөнгөхгүй байна. 

Иргэдээ татан авах үйл ажиллагаа өнөөдрийн Монгол Улсын нөхцөл байдал, тусгаарлах байрны хүрэлцээ хангамж, халдварт өвчний дэглэм сахилтаас шалтгаална. Халдварт өвчин тоглоом биш. Энэ бол шинжлэх ухаан, мэргэжлийн байгууллагын тавьдаг тодорхой шалгууртай зүйл. Гэхдээ сүүлийн үед Улсын онцгой комисс, Шадар сайдын зүгээс гадаадад байгаа Монголчуудаа бэрхшээл зовлонгоос ангижруулахын тулд татан авалтаа улам нэмэгдүүлж байгаа. Биднийг удаан ажиллаж байна гэж олон нийтийн сүлжээгээр их шүүмжилж байгаа. Хэлж ойлгуулахыг хичээж байгаа боловч энэ нь асуудлаа бид дутуу тайлбарлаж байгаатай холбоотой. Бидэнд шат дарааллан хэрэгжүүлэх төлөвлөгөө байгаа. Найман сард бид татан авч буй 4200 гаруй хүний тоог дахиад 26.1 хувиар нэмэгдүүлнэ. Гол асуудал нь ирсэн хойноо дэглэмээ чанд сахиж, тусгаарлах байрандаа байрлах явдал. Бидний гол чиглэл Монгол Улсын иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах. Энэ хамгийн чухал үүрэг. Нэмэх, хасах туйлын дундын үзүүр дээр л бид ажиллаж байна. 

Л.Мөнхтүшиг: Гадаадад гацсан иргэдийн асуудал үнэхээр амаргүй байгаа. Үүнийг бид мэдэрч, ойлгож, аль болох хурдан шийдэхээр өндөр ачаалалтай ажиллаж байна. Цар тахал тоглоом биш гэж сая хэллээ. Энэ бол зөвхөн Монгол биш дэлхийн 216 улс, бүс нутагт тархсан аюул. Бид дотооддоо алдалгүй хагас жил тэсээд явж байна. Үүнийг дагаад хүмүүс тайвширч, назгайрч байна. Гэтэл энэ тахлын хурдац улам ихэсч, халдвар авсан хүмүүсийн тоо 15 сая давлаа. Америкт гэхэд л өдөрт 60, 70 мянгаар нэмэгдэж байна. ОХУ-ын нөхцөл байдал амаргүй байна. Хятад хяналтандаа авсан хэдий ч хоёр дахь давалгаанаас айж байна. Японд намжсан байж байгаад буцаад өдөрт 600-аар нэмэгдээд эхэлсэн. 

Бид юмыг их хурдан мартдаг. Өнөөдрийг хүртэл бидний хийсэн, хийж байгаа зүйл Монгол иргэдийн амь нас, улс үндэстний аюулгүй байдалтай холбоотой ажил шүү дээ. 3-р сарын 12-нд бүх нислэг зогсож, бүх хил хаагдсан. Үүнээс хойш гадаадын 44 улсаас 14370 иргэнээ авч ирсэн. Үүнээс 6010 хүнийг нь хойд, урд хилээр авто замаар авсан. Гурван сард 3 мянга гаруй хүн элчин сайдын яамдуудаар дамжуулан Монголдоо ирэх хүсэлтийг гаргасан байсан. Одоо энэ тоо 10 мянгаас буухаа болисон. Зуны улиралтай холбоотой нэмэгдэж байгаа зүйл бий. 

Улсын онцгой комиссоос анх хүнд өвчтэй, өндөр настай, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй, бага насны хүүхэдтэй гэр бүлийг тэргүүн ээлжинд авна гэсэн таван шалгуурыг тавьж байсан. Гэхдээ амьдралд олон зүйл тохиолддог. Ар гэр, санхүүгийн гачигдалд орсон хүмүүс энэ шалгуурыг шүүмжилдэг. Бидэнд ч маш олон зовлон байна. Иймээс энэ хүмүүсийг бид зургаа дахь бүлэг болгон дөрөвдүгээр сараас эхлэн аваад эхэлсэн. Цаашдаа ч эрчимжүүлнэ. Гурав ба дөрөвдүгээр сард бид сардаа 1,000 орчим хүн хүлээн авч байсан бол зургаадугаар сард 2,400 хүн авсан. Долдугаар сард энэ тоог 54 хувиар өсгөж чадсан. 11 нислэг хийхээр зарласан байж байгаад тусгаарлах байрны хүрэлцээгээ нэмэгдүүлсний ачаар 14 нислэг болголоо. БНСУ руу 3 ниснэ гэж байсан бол 5 удаагийн нислэг хийсэн.

Гадаадад байгаа иргэдийн бухимдлыг Улсын онцгой комисс, Гадаад харилцааны яам мэдэж, мэдэрч байгаа. Бүх асуудлыг шийдэхийн төлөө зогсолтгүй ажиллаж байна.   

В.Ганзориг: Хүсэлт гаргаад байгаа 10 мянган иргэдийг хэзээ гэхэд бүрэн авч ирж дуусгах вэ? Аваад ирсэн хойно тусгаарлах байр, шинжилгээ бодисын хүрэлцээ хангамж ямар байна вэ?

Б.Ууганбаяр: Татан авах иргэдийн тоог наймдугаар сард бид 26.1 хувиар нэмэгдүүлэх урьдчилсан тооцоо хийсэн. Шинэ шадар сайд бүх төрлийн тооцооллыг хийж үзэж байгаа. Гэхдээ бид нэг зүйлийг баримтлахгүй бол болохгүй байгаа юм. 10 мянган хүнээ ямар нэг байдлаар авч ирээд, энд тэнд тусгаарлаж чадлаа гэж бодоход Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ор 250 ширхэг байдаг. Иймээс энэ 250 орноос дээш ерөөсөө гаргаж болохгүй. Энэ тоонд баригдах ёстой. Гадаадын улсуудад өвчин тараад байгаагийн 80, 90 хувь нь эрүүл мэндийн байгууллагаасаа алдсантай холбоотой. Энэ 250 орноос илүү хэмжээний ачаалал авбал бид халдварыг олон нийт дунд алдах магадлал туйлын өндөр болно. Тооцоолол хийж үзэж байгаа.

Сүүлийн хоёр, гурван нислэгээс ямар ч сэжигтэй тохиолдол илэрсэнгүй. Энэ нөхцөлд тухайн улсаас авах иргэдийн тоогоо нэмнэ. Бидний хамгийн түрүүнд бодох зүйл бол энд байгаа 3 сая хүний аюулгүй байдал. Иймээс 250 орноос илүү гаргаж болохгүй байгаа юм. Хамгаалах хувцастай 10 цаг ажилласан эмнэлгийн ажилтан ногоон бүс рүү орохоос өмнө тэр хувцсаа тайлна гэдэг нь маш өндөр сонор сэрэмжийн дор хийгддэг үйл ажиллагаа. Үүнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулдаг. Энэ үед хүн алдаа их гаргадаг юм байна. Үүнээс болж халдвар алддаг юм байна. 

Бидэнд тулгамдаж буй хоёр дахь асуудал бол тусгаарлах байр. Эдгээр байрны стандарт, хоол, эмч, хамгаалалт, хүндрэл, зохион байгуулалт гээд ярьбал багагүй асуудал үүсдэг. Зарим буудлын хажуугийн цэцэрлэгээс хүртэл бид хоол зөөж байгаа. Иргэдээ авч ирэхээс гадна олон улсын ачаа тээврийн асуудлыг манай штаб хариуцдаг. Энэ хүнд үед эдийн засгаа ганхуулахгүй олон улсын худалдаагаа хэрхэн үргэлжлүүлэх, хил гааль дээр хоол, хүнсний тасалдал үүсгэхгүй байх, бүтээн байгуулалтын төслүүдийг эрчийг бууруулахгүй байх гээд олон асуудал бий. Энэ бүхний цаана Монгол Улсын аюулгүй байдал яригддаг. 

В.Ганзориг: Энэ 250 орыг нэмэгдүүлэх боломж байдаггүй юм уу? 500, 1000 болгоход юу болохгүй байна вэ?

Б.Ууганбаяр: Бид дараах тактиктай ажиллаж байгаа. Олон нийтийн дунд халдвар алдах эрсдэл өндөр байгааг мэргэжлийн байгууллагууд хэлдэг. Хэрэв олон нийтийн дунд алдсан нөхцөлд эрүүл мэндийн салбар хэрхэн ажиллах, бусад байгууллагуудыг яаж оролцуулах тухай А төлөвлөгөөнөөс Б төлөвлөгөөнд шилжих хувилбар бий. Ийм давхар төлөвлөгөөг тооцож байж эрсдлийг үнэлдэг. Ингэж тооцохоор манайд эрсдэл асар өндөр байгаа. Аюулыг ямар төвшинд барих, хаашаа алдахгүй байх нь бидний барьж буй стратегийн гол чиглэл. Гадаадад байгаа иргэдийн бүх зовлон, бэрхшээлийг бид мэдэж, ойлгож байгаа. Аль болохоор бүгдийг нь авч ирэхээр ажиллаж байна. Гэхдээ аливаа асуудлыг хэрүүл уруул, дайрч доромжилсноор шийдэхгүй. Мэргэжлийн байгууллага үүсч болох хамгийн муу хувилбарыг бодож, нөөцөө урьдчилж тооцдог.  

Б.Болорсайхан: Хүний эрх талаас нь ярихын тулд хязгаарлалт хууль ёсны байсан эсэх, уг хязгаарлалтыг төр зүй зохистой хийж чадсан эсэхийг хөндөнө. Төр үүрэг хүлээж, иргэдэд эрхийг нь  эдлүүлэхийн тулд ямар арга хэмжээ авсан бэ гэдгийг ярих ёстой. Би карантинд байхдаа бичиж байсан Ганзоригийг тэмдэглэлийг санаж байна. Орон байр, ус, ариун цэвэр, хоолны боломж, нөхцөл байдал гээд. Үүний цаана төр ямар ч тохиолдолд иргэндээ эдлүүлэхээс татгалзах ёсгүй эрх гэж байдаг. Тэр нь онц байдал зарласан ч бай, дайн байлдаан болсон ч бай, өнөөдрийн цар тахлын нөхцөл байдал үүссэн ч бай төр иргэндээ энэ эрхүүдийг эдлүүлэхгүй гэж хэзээ ч татгалзаж болдоггүй. Үүнд амьд явах, эрүүдэн шүүхээс ангид байх, хүнлэг бус харьцахаас хамгаалуулах эрхүүд багтдаг. Цаашилбал ямар ч тохиолдолд ундны цэвэр устай байх, ариун цэврийн байгууламжуудаар хангагдах, зохистой шим тэжээлтэй хоол идэх гээд задраад явна. Таны тэмдэглэл болон фэйсбүүк дээр оруулж буй бусад хүмүүсийн мэдээллээс харахад төр хөл хорионд орсон хүмүүст ямар үйлчилгээ үзүүлж байна гэдгийг нь давхар хянах шаардлагатай байгаа нь харагдсан.  

Хоёрт, хилийн чанадад байгаа Монголчуудаа яаж дэмжих вэ гэдэг асуудал байна. Өөрийн нутаг дэвсгэрийн гадна байгаа хүмүүст нийгэм, эдийн засгийн эрхийг нь эдлүүлэхийн тул яах ёстой вэ? Би буруу санаагүй бол Туркт байгаа иргэдэд мөнгөн тэтгэмж өгсөн. Үүнийг иргэний эрхийг нь эдлүүлэхийн тулд төрийн хийж байгаа ажил гэж харж болно. Онгоцоор авах иргэдийн тоог үнэхээр 20 гаруй хувиар өсгөөд хүмүүсээ авч ирэх хүртэл тэдгээр иргэд хилийн чанадад байж, төрөл бүрийн асуудалтай тулсаар л байна. 

Иргэдийн бухимдлын шалтгаан нь төрийн байгууллагын ил тод байдалтай холбоотой гэж хэлж болохоор байна. Иргэд яг юу болоод байгааг мэдэхгүй, шаардлагатай мэдээллийг хаанаас авахаа мэдэхгүй байна. Үүнийг ойлгомжтой, нээлттэй, ил тод болгох хэрэгтэй. Буруу санаагүй бол эхний нислэгийн зорчигчдын нэрс, регистерийн дугаарыг олон нийтэд нээлттэй зарласан. Энэ үйлдэл хэр оновчтой байсан, ил тод байна гэдгийг яаж харах ёстой вэ гээд хаа хаанаа анхаарах зүйлс байна. 

ХӨСҮТ-ийн 250 орны тухай би сая л сонсож байна. Манай эрүүл мэндийн байгууллагуудын бүх орыг тоолоод, жишээ нь 5800, шинэ эмнэлгүүдийг оруулаад үндэсний хэмжээнд 7,000 ортой гэж төсөөлж үзье. Дотроо халдвар тархлаа гэвэл манай эрүүл мэндийн тогтолцоо үүнийг даах уу гэдэг нь дараагийн асуулт болно. Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хязгаарлалт хэр оновчтой явж байгааг эрүүл мэндийн тогтолцоотойгоо холбож харах ёстой. Бүр цаашилбал, нэг хүнд ногдож буй эмч, эмнэлгийн ажилтан, эрүүл мэндийн салбар оруулж буй төсөв, хөрөнгө оруулалтын хуваарилалт зэргийг ярьж таарна. 

Онцгой байдлын ерөнхий газар хэдэн хүнээс, хэдий хэмжээний хандив авсан, хэрхэн зарцуулж буйгаа сайт дээрээ тавьж байгаа юм билээ. Гэхдээ иргэд, байгууллагаас цугларсан мөнгөний хэмжээг одоо тавих биш анхнаас нь олон нийтэд нээлттэй байлгах ёстой байсан. 2008 оны 7-р сарын 1-нд онц байдал зарлахад болон өнөөдрийн цар тахлын онцгой нөхцөлд төр өөрийн үүргээ гүйцэтгэх чадаж байгаа юу, үр нөлөөтэй удирдаж чадаж байна уу, засаглал нь тунгалаг эсэх, ил тод, ойлгомжтой байдлаар иргэддээ оновчтой сувгаар нь мэдээллээр хангаж байна уу гэдэг нь чухал гэдэг нь эндээс харагдаж байна. 

В.Ганзориг: Та яг энэ ярьсан төрийн гүйцэтгэх ёстой үүргийг өнөөдөр үнэлбэл ямар дүн тавих вэ?

Б.Болорсайхан: Би сурагчдад хичээл зааж байгаа багш биш. Төрөөс гадна иргэдийн санаачилгаар Иргэдийн онцгой комисс байгуулагдсан. Энэ комисс байгуулагдмагц төр эдний дуу хоолойг сонсч эхлээд, өмнө нь ярьж байсан хүмүүсийг үл тоох ялгавартай харилцаа үүсэн эсэхийг тодруулах ёстой. Гадаадад гацсан Монголчууд төдийгүй, Монголд ороод ирсэн хүмүүсийг ажиглахаар тэдгээрийг эх орондоо ирсэн чинь зол, нөхцөл байдал болохгүй бол бүсээ чангалаад, шүлсээ залги гэсэн харьцаа байна гэж хэлээд байгаа. Удирдамж, зааврыг гардаж хэрэгжүүлэхдээ төр анхааралтай ажиллах ёстой. Төрөөс гадна иргэд гаргасан заавар журмыг дагах нь чухал. Нөгөө талдаа яригдах ёстой зүйл бол хувийн хэвшлийн оролцоо. Иргэдийн хүслийг биелүүлэх төрийн нөөц хязгаарлагдмал. Төрд байхгүй нөөц, чадавхи хувийн хэвшилд байдаг. 

Б.Ууганбаяр: Хүрээд ирсэн нь зол гэж иргэддээ ханддаг асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Шуурхай штаб байгуулагдаад таван сар болж байна. Энэ штабыг ахлаж байгаа тангараг өргөсөн цэргийн албан хаагч хүний хувьд хэлэхэд гадаадаас ирсэн ямар ч Монгол хүнээ дорд үзэж ханддаггүй. Иргэний онцгой комисс байгуулагдахаас өмнө би иргэний хөдөлгөөний төлөөлөлтэй уулзсан. Бидэнд нууж хаагаад байгаа зүйл юу ч байхгүй. 10 мянган хүний өргөдөл хавтастайгаа байж байна. Тэр бүгдийг үзэж болно. 7 дугаар сарын 20-ноос эхлээд ирж буй бүх хүмүүсийн нэрсийн жагсаалтыг ил болгон тавьж байгаа. 
Амьдрал дээр сонин зүйл их тохиолддог. Жагсаалтын дагуу иргэдээ авах гэж байхад хууль дүрэм зөрчөөд саатуулагдсан манай улсын иргэдийг тухайн орны Засгийн газар яаралтай ав гэдэг шаардлага тавьдаг. Энэ хүмүүсийн тоо 10, 20, 50-иар яригддаг. Бид БНСУ-аас олон хүнийг ингэж авсан. Энэ хүмүүс ороод ирэхээр жагсаалтанд байсан хүмүүс бүгд автоматаар хойшоо гүйдэг. Ингэж хойшилж байгаа хүмүүс дунд хорт хавдар туссан хүмүүс ч байдаг. Бухимдал ингэж үүсдэг. Гэхдээ бид тухай эгшинд шууд шийдвэр гаргаж ажилладаг. Хүнд, айхтар өвчин туссан олон хүний мэдээлэл, нүд дальдрам зурагтай ирдэг. Жишээ нь, Хөх хотод эмнэлэгт хэвтэж байсан манай нэг иргэний бүх булчин нь задарсан харахын аргагүй зураг ирэхэд бид шууд шийдвэр гарган Эрээн, Замын Үүдээр ганцааранг нь татаж авч ирээд Цэргийн төв эмнэлэгт хэвтүүлсэн. Ийм тохиолдол амьдрал дээр жагсаалтын дундуур гэнэт цөөнгүй гарч ирж өөрчлөлт ордог юм шүү. Одоо энэ бүх мэдээлэл нээлттэй болсон. 

Тусгаарлах байрны хувьд бид бүрэн хэмжээгээр, даацийг нь тултал сонголтуудыг хийчихсэн. Хоол ундны хувьд багагүй асуудал үүсдэг. Бид их зүйл сурч байгаа. Би карантинд ороод хэдэн цагийн дараа бухимдаж эхэлдэг гэх мэт. Та өөрөө ирээд карантинд байсан хүн ямар байсныг чинь мэднэ.  

В.Ганзориг: Миний карантины өдрийн тэмдэглэлийг уншиж байсан уу та?

Б.Ууганбаяр: Тэр бүхнийг анзааралгүй яах вэ. Солонгост байсан хүмүүс насаараа цагаан будаа идэж байгаад ирж байхад дахиад цагаан будаа өглөө л гэдэг. Хүний эрх л дээ. Нийтээрээ ярьж байгаад монгол хүний дуртай хоол болох гурилтай шөл хийсэн нь зөв гэж шийддэг. Дахиад хэлэхэд бид нэг ч монгол хүнийг чи Монголдоо хүрээд ирлээ, бид нарыг шаардлагыг тавьж ажилла гэж ерөөсөө хэлээгүй шүү! Гадагшаа ярихгүйгээр аль болох бүх асуудал, хүсэлтүүдийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Өрөөнд ТВ байхгүй байна гээд л ирмэгцээ яриад эхлэнэ шүү дээ. Гэхдээ шулуухан хэлэхэд гадаадаас ирээд карантинд орж байгаа хүн болгон хавтгайдаа ийм биш шүү! Маш олон ухамсартай иргэд байдаг. Олон ч хүн бидэнд талархлаа илэрхийлдэг. Ганц хоёрхон хүн бусдыгаа буруу тийшээ уриалчих гээд байдаг юм. 

В.Ганзориг: Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл дээр та хэд маань ижил мэдээлэлтэй байж чадаж байгаа юу?

Б.Энхгэрэл: Манай зөвлөл гурван сараас хойш хоёр удаа Улсын онцгой комисстой уулзах хүсэлт тавьсан ч миний мэдэхээр ямар нэг хариу аваагүй. Би өөрөө карантинд байж байгаад ирсэн. Өнгөрсөн долоо хоногоос УИХ-ын гишүүн Одонтуяагаар ахлуулсан Иргэний онцгой комисс үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэд саяхан Улсын онцгой комисстой уулзсан. Зөвлөл рүү маш олон хүн гурван сараас хойш хандаж байгаа. Бидэнд нэг л асуудал байна. Гуравдугаар сараас хойш хил хаагдаад бүтэн таван сар боллоо. Иргэдээ хэзээ авч дуусах тухай нэгдсэн төлөвлөгөө алга. Гадаадад гацсан иргэд туйлдаж байна. Унгарт байгаа 78 оюутан гудамжинд хөөгдөөд гарчихсан. Тэндээ ажил хийх эрхгүй. Энэ бол зөвхөн Унгарын жишээ. Цаашилбал Европ, Орос, АНУ, Австрали, Канад зэрэг олон оронд маш олон монголчууд гудамжинд гараад явж байна. Хугацаа өнгөрөх тусам энэ хүмүүс туйлдаж байна. 

Жуулчин байхгүй, хотоор дүүрэн хоосон зочид буудлууд байхад яагаад тэднийг ашиглаж болохгүй байгаа юм бэ? Гадаадад хоног төөрүүлж байгаа хүмүүс тэндээ зарж байгаа мөнгөө Монголдоо ирээд зарах боломжтой шүү дээ. Иргэд төрийг удаан, хүнд сурталтай, мэдээлэл нь тодорхой биш байна гэж шүүмжилж байна. Саяхнаас шинэ сайд гарсны дараа жагсаалт ил тод болж байна. ЭМЯ-наас өдөр болгоны 11 цагаас хийдэг мэдээлэлд гадаадад байгаа Монголчуудынхаа тухай, эх орондоо ирэх хүсэлт өгсөн иргэдийн тоо, татан авсан мэдээлэл, хэзээ үлдсэн иргэдээ татаж авч дуусахаар байна, тэр дунд байгаа хүнд өвчтэй хүмүүсийн мэдээллийг яагаад дурддаггүй юм бэ? 

Би өөрөө Энэтхэгт гацаад 60 хоног хөл хорионд байсан. Тэнд байхдаа бид нэгдсэн зохион байгуулалтанд орж, хэвлэл мэдээлэл рүү хүчтэй хандсан. Тэр үед Энэтхэг рүү шууд нислэг үйлдэх ямар ч боломжгүй гэдэг хариуг бидэнд өгч байсан. Гэтэл яг долоо хоногийн дараа гэнэт нислэг үйлдэх болсон. Бүхэл бүтэн улсын онцгой комисс энэ мэтээр гал унтраах маягтай ажиллаад байна уу даа. 4, 5 сарын дараа л татан авалтаа нэмэгдүүлж чадаж байна. Өнөөдөр ч гэсэн та үлдсэн иргэдээ хэзээ татан авч дуусгахыг хэлж чадахгүй л сууж байна. 

АНУ-д олон Монголчууд гудамжинд гарсан. Тэнд иргэд хоорондоо мөнгө цуглуулж нийлээд бусаддаа байр түрээсэлж, хоол хүнсний тусламж зохицуулж өгч байгаа. Хугацаа өнгөрөх тусам энэ хүмүүсийн вируст өртөх эрсдэл, бас зардал өснө. Чартер нислэгийн үнийг төлж дийлэхгүй болсон олон хүмүүс байна. Энэ хүмүүсийн зардлыг улсаас гарган авч ирэх төлөвлөгөө, боломж, бололцоо байгаа юм уу? 

Л.Мөнхтүшиг: Бидэнд зөв ойлголт байх хэрэгтэй. УОК нь нэг, иргэд нь нөгөө талдаа гарчихсан юм шиг яриад байна. Тийм зүйл огт байхгүй. Чиний сая ярьсан бүх мэдээлэл бидэнд хамгийн түрүүнд ирдэг. Тэр хүмүүсийн чин хүсэл эх орондоо л ирэх. Тиймээс бид эндээс ямар ч тайлбар тавиад тэд хүлээж авахгүй. Монгол хүмүүс монгол иргэдээ авах гээд ажиллаж байгаа. Иргэдээс ирүүлсэн хүсэлт, мэдээллийг аваад бид системтэйгээр үйл ажиллагаа зохион байгуулдаг. Энэтхэгт тухайн үед Дели хот орчимд 170 хүн байна гэсэн мэдээлэлтэй байсан. Монгол Энэтхэгтэй агаарын харилцааны хэлэлцээргүй нь үнэн. Гэхдээ энэ цар тахлын үед дипломат шугамаар хэлэлцээ хийж энгийн биш хүмүүнлэгийн нислэг хийж иргэдээ авч ирсэн. Энэ ажиллагаа сошиалаар гарч ирэхээс өмнө аль хэдийнэ төлөвлөгөөнд ороод, санал нь яригдаад явж байсан юм аа. 

Өнөөдрөөс эргээд харахад бүх юм ойлгомжтой, тодорхой мэт харагдаад байгаа юм. Нэгдүгээр сард Уханьд юу болсон билээ? Монгол Улс хилээ ингэж хаахаа мэдэхгүй байсан. Хаахгүй байя гэж байтал Москвагаас “Анх-Отгон” орж ирээд хил хаах шийдвэр гарсан. Тэр үед энэ бүх нөхцөл байдал маш тодорхойгүй байсан. Дан ганц Монгол Улс биш шүү, дэлхий даяараа тийм байв. Агаарын хил хаамагц иргэдээ яаж авах уу, ЭСЯ-аар дамжуулан бүртгэл эхлүүлэх үү гэхэд хэн ч чиглэл өгөх боломжгүй байсан. Бүртгэлийг эхлүүлэхээр хүмүүст хий хүлээлт үүсгээд иргэдийн сэтгэл зүйг хүндрүүлчих вий гээд олон асуудалтай тулсан. Тэр үед нөхцөл байдал шал өөр байсан. Харин өнөөдөр үйл ажиллагаа жигдэрч байгаа. Эхний нислэг, тусгаарлах байруудад маш олон шүүмжлэл гарч байсан. Бага багаар сайжираад явж байна. Иймээс тэр үеийг өнөөдөртэй шууд харьцуулж ярих нь өрөөсгөл хэрэг болно. 

Консулын газар иргэний нийгмийн байгууллагууд уулзаад асуудлыг нь шийдээд явж байгаа. Гурван сард Солонгосын оюутнуудын асуудлыг ярьж шийдвэрлэсэн, шийдээд л явж байгаа. Унгарт байгаа 78 оюутны асуудлыг бид маш сайн мэдэж байгаа. Яг өнөөдрийн байдлаар Монгол руу ирэх хүсэлтээ өгсөн 11300 иргэд гадаадад байна. 7, 8 сарын татан авалтын горимоор жигд явж чадвал эдгээр иргэдээ бүгдийг нь 2 сар гараны дотор татаад авчих боломжтой гэж харагдана. Гэхдээ бодит байдал дээр эдгээр тоонууд хэлбэлздэг. Солонгосоос ирэх иргэдийн тоо 2400 байсан бол одоо 3900 болчихсон. Тэнд 45 мянган Монгол иргэн байгаагаас 21 мянга нь богино хугацааны визтай. Эдгээр хүмүүсээс эх орондоо ирэх хүсэлтээ өгөөгүй, тэндээ ажил төрөл хийгээд явж буй нь байгаа л байх. Энэ тоо өөрчлөгдөнө. 10 мянган хүнээ авахгүй байгаа мэт хүмүүс яриад байгаа. Яг үнэндээ 14 мянган иргээд өнөөдрийг хүртэл бид авчихсан байгаа шүү дээ. 

Бид онгоцны нэг ч суудлыг хоосон ирүүлэхгүйн төлөө онгоц хөөртөл менежмент хийдэг. Гэтэл сүүлийн мөчид 10 бүр 20, 30-аараа явахаа больдог. Юм харагддаг шигээ байдаггүй. Би тайлбар хийгээд байгаа юм биш. Бодит байдал ийм л байна. Байдлыг бодитой үнэлэн татан авах ажиллагаагаа үр дүнтэй хийх нь бидний зорилго. Иргэний нийгмийн байгууллагын хүсэлтийг ойлгож байгаа. Унгарын 78 оюутныг авлаа гэхэд хаа нэг газар байгаа 78 хүн үлдэж таарна. Хэн нэгнийг урд хойно оруулахдаа биш татан авалтынхаа давтамжийг жигд байлгах ёстой. Татан авалтыг яаж ч хийсэн шүүмжлэл дагуулна. Үүнийг бид ойлгож байгаа. Шүүмжлүүлэхээс айх зүйл бидэнд байхгүй. Гэхдээ Монгол Улсын аюулгүй байдал тэргүүн эгнээнд яригдана. Дотроо халдвар алдсан Төв Азийн зарим улс ямар хүнд нөхцөлд байгааг бид харж байна шүү дээ. Түрүүн төсөөлж ярьсан 5000 ор нь дүүрээд, хүн нэмж авахгүй эмнэлэгт очоод үүдэнд нь янз бүр болж байгаа асуудал бидний эргэн тойронд бодитой байна шүү дээ. Бид энэ нөхцөл байдлыг ойлгох ёстой. Ний нуугүй хэлэхэд нөхцөл байдал амаргүй байгаа. 

В.Ганзориг: Онцгой комисс дээр янз бүрийн таамаглал, тооцоолол хийж байгаа байх. Нууц биш бол эрсдэл үүсэх үеийн хамгийн хүнд нөхцөл байдлыг яаж төсөөлж, бас яаж бэлдэж байгаа вэ? Хамгийн муу хувилбар гэсэн үг!

Б.Ууганбаяр: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага манай хүн амын 1% буюу ойролцоогоор 30 мянган хүн халдвар авч, тэр дундаас амь эрсдэх хүмүүсийн хувийг тооцоолж гаргаж өгсөн. Бид өөрсдийн даацанд тулгуурлан бүх төлөвлөгөөгөө хийж ажиллаж байгаа. Үүнийг та бүхэн нөгөө талаас нь харж бодон сайн ойлгооч ээ гэж хэлмээр байна. Олон нийтийн дунд халдвар алдсан нөхцөлд яаж хариу арга хэмжээ авах вэ гэдэг асуулт бидний хувьд байнгын түгшүүртэй байгаа. Иймээс даацан дотроо л үзээд байна. Даацаа алдаад, олон нийтийн дунд халдвар тархвал юун ингэж ширээний ард сууж ярилцан, бие биенээ шүүмжлэх болно шүү дээ. Засгийн газар, УОК эдгээр эрсдэлтэй хүчин зүйлсийг хэдэн хувь байхад яах уу, тэдэн хувьд хүрвэл яах билээ, бидэнд ямар нөөц байгаа гэдгээ нарийн тооцоолж байгаа. Ийм тооцоо бидэнд бий.   

Б.Энхгэрэл: 250 орны асуудал одоо л гарч ирж байна. Энэ мэт эргэлзээ төрүүлж байгаа зүйлс бишгүй байна. Гадаадад байгаа Монголчууд өөрсдөө бусад орны авиа компаниудтай холбогдоод арай хямд өртгөөр Монголдоо ирэх боломжтой байна. Жишээ нь, Малайз, Солонгос, Польш, Бельгиэс энэ мэт саналууд ирсэн. Ийм сонголтууд байхад яагаад заавал МИАТ бүх нислэгийг үйлдээд байгаа юм бэ? Энэ нь нөгөө 250 ортой холбоотой юм уу, эсвэл өөр шалтгаан байна уу? 

Төрийн байгууллагын та хэд сайн ажиллаж байж болох ч бид нөгөө талдаа иргэдийнхээ тавьж буй асуудлыг хөндөн ярих ёстой. Одоо зун цаг. Энэ хүмүүс бачимдаад байгаа шалтгаан нь удахгүй өвөл болох гэж байна. Гадаадад хүмүүсийг гэр гэрт нь хөл хорионд оруулж байгаа. Ийм нөхцлийг та бүхэн судалж үзсэн юм уу? Монгол гэрээр кампус бариад тусгаарлах байрны хүрэлцээгээ өргөтгөж болдоггүй юм уу? Зуны дэлгэр цагт багтан хүмүүсээ татан авч дуусгах боломж байна уу?

Л.Мөнхтүшиг: Бусад авиа компанийн тийз хямд гэдэг бол бодит байдлаас зөрүүтэй мэдээлэл шүү. Бид тэр бүх авиа компаниудын мэдээллийг аваад онгоцны зардлыг нь асууж судалгаа хийдэг. Цар тахлын улмаас дэлхий даяар нислэгийн тоо огцом буурч, эхнээсээ авиа компаниуд дампуурч байна. Авиа компани болгон ганц нислэг үйлдчих юмсан гэдэг хүсэлтэй байгаа. Манай МИАТ ч ялгаагүй. Нэг онгоц бүх суудлаа аваад 70 хувьдаа ачааны нислэг хийгээд эхэлсэн. Гадны авиа компаниудын үнийн саналыг МИАТ-тай харьцуулж үзэхээр өндөр гардаг. Жишээ нь, европоос 700 долларын саналыг гадны авиа компани бидэнд өгөхөд МИАТ 590 орчимд байдаг. МИАТ-аас гадна дотоодын бусад агаарын тээврийн компаниудыг бид ярьж л байсан. Үндэсний агаарын тээвэрлэгчийг нисгэнэ гэдэг шийдвэр гарсан. Учир нь МИАТ том онгоцтойгоос гадна олон жилийн арвин туршлагаасаа үүдэлтэй дэлхийн олон авиа компанитай нислэгийн зөвшөөрөл, ачааны менежмент дээр хамтарч ажилладаг. Франкфуртаас Монгол руу нислэг хийх явцад Европын бусад улсаас дамжин ирэх иргэдийн ачааг Франкфурт дээр гараад ав гэдэг шаардлагыг одоогийн горимоор тавьж байгаа.

Харин МИАТ өөрийн сүлжээгээ ашиглан Европын бусад улсуудаас ачааг шууд Улаанбаатар руу ачуулж чаддаг. Энэ бол практик дээр гарч байгаа нэг том асуудал бас шийдэл. Цар тахлын хүнд үед бид аль болох мэргэжлийн байгууллагуудтай ажиллан, хурдан хугацаанд, иргэддээ өртөг багатай үйлчилгээ үзүүлэх ёстой. Иймээс бид гол бүс нутгуудад транзит цэг үүсгээд аль болох ойрхон давтамжтай иргэдээ авч байгаа. 

Нэмээд МИАТ-ийн нислэгээр халдвартын эмч, мэргэжлийн байгууллагын хүмүүс явж зорчигчдыг онгоцонд суухаас эхлүүлээд хянаж эхэлдэг. Энэ бол халдвар хамгааллын Монголын карантины журмын дагуу хийгдэж байгаа ажил. Энэ журам гадаад улсын хилээс онгоцонд суухтай зэрэгцэн эхэлдэг гэсэн үг. Энэ бол Монгол Улсын аюулгүй байдлын төлөө эрсдлийг багасгахын тулд хийгдэх ёстой ажил. 

В.Ганзориг: Хамгийн сүүлд баруун Австралийн Перт хотод МИАТ-ын онгоц очоод буцахдаа иргэдээ авалгүй ниссэн гэдэг яриа гарсан. Тэр ямар учиртай юм бэ?

Л.Мөнхтүшиг: Австрали руу нисэх асуудал гуравдугаар сарын сүүлээс эхлэн яригдаж эхэлсэн. Энэ улстай Монгол агаарын харилцааны хэлэлцээр байхгүй. Австрали улс маш өндөр, хатуу шаардлага тавьдаг юм байна лээ. Бид Оюу Толгой компанийн дэмжлэгтэйгээр нислэг үйлдсэн. Хил хаасны улмаас багагүй ажилчид нь гацаж, Оюу Толгой компанийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Иймээс ажилтнуудаа авъя гэдэг саналыг тавьсан. Тэр үед бид ярилцаад Оюу Толгой 50 орчим ажилтнаа Австралиас авах хэрэгтэй байгаа бол бид МИАТ-ын том онгоцоо нисгээд 200 суудал дээр нь иргэдээ авах хүсэлтийг эргэж тавьсан. Улмаар эхний нислэгийг Сидней хот руу хийхээр тохирч, зөвшөөрөл дээр нь Оюу Толгой, хоёр улсын Засгийн газар, элчин сайдын яамдууд хамтран ажиллаж, агаарын харилцааны хэлэлцээргүй улс руу ниссэн. Харин хоёр дахь удаагийн нислэгээ МИАТ-ийн жижиг онгоц хөлөглөн Перт хот руу хийж, ингэхдээ Оюу Толгой зөвхөн өөрийн ажилчдаа авах үйл ажиллагааг хийсэн. Австрали руу дараа дараагийн нислэг төлөвлөгдөж байгаа.  

В.Ганзориг: Хүннү эйрлайн зөвшөөрөл өгвөл дэлхийн хаашаа ч хамаагүй нисч Монголчуудаа авч ирэхэд бэлэн байна гэсэн мэдэгдэл гаргасан байсан. Энэ компанитай яаж ажиллахаар байгаа вэ?

Л.Мөнхтүшиг: Нэг нислэгээр 90 гаруй хүн авч ирэх үү, эсвэл 260 хүн авч ирэх үү л гэдэг асуудал. 

Б.Ууганбаяр: Агаарын хөлгийн асуудал УОК дээр шийдвэр гарч байж Шуурхай штаб дээр хэрэгждэг. Бид зуны улиралд аль болох олон Монголчуудыгаа авч ирэхийг хичээж байгаа. Наймдугаар сард нэлээд дөмөгхөн татна. Удахгүй албан ёсоор хуваарь гаргаж, түүнийгээ нээлттэй зарлана. Монгол гэрт байрлуулна гэхээр түрүүн хүний эрх гэж ярьсан асуудлууд хөндөгддөг. Наад зах нь усан хангамж, нэг нэгээрээ байрлах гэх мэт шаардлагууд босч ирдэг. Монгол гэр ийм шаардлага хангахгүй байгаа. Нэг хүн нэг өрөө гэдэг зарчмыг барих нь чухал байна. 

Б.Энхгэрэл: Хятад ажилчдыг оруулж ирж байгаа атлаа иргэдээ яагаад эн тэргүүнд авахгүй байгаа юм бэ?

Б.Ууганбаяр: Бүтээн байгуулалттай холбоотой Засгийн газрын тогтоол шийдвэр гарсан байдаг. Дарханы зам, төв цэвэрлэх байгууламж гэх мэт. Монгол мэргэжилтэн хийж чадахгүй ажил нэлээд байдаг юм байна. Дулааны цахилгаан станцын мэргэжилтэнг одоо оруулж ирэхгүй бол өвөл болох гээд байдаг. Энэ гадны мэргэжилтэнг оруулж ирээгүйгээс болж станц доголдвол Улаанбаатар хотын нэг сая хүн тэр чигээрээ хөлдөх эрсдэлтэй болно. Дарханы зам яг адилхан. Энэ мэт нөхцөл байдал цаана нь байдаг. Биднийг битгий хардаж сэрдээрэй. 

В.Ганзориг: Нислэгт багтахын тулд авилга, хээл хахууль авч, өгдөг болсон тухай яриа гараад удаж байна. Мөн 14 эсвэл 21 хоног гээд хүмүүс багагүй шүүмжилж ярилцаж байна. Үүн дээр тодорхой хариулт өгнө үү. Эцэст нь Монгол Улс хилээ хэзээ нээхээр байгаа бол?

Б.Ууганбаяр: Авлигын асуудлыг саяхан УОК дээр ярьсан. Тагнуул, хууль хяналтын байгууллага шалгаж үзээд нотлогдох зүйл алга гэдгийг албан ёсоор хэлсэн. Тусгаарлалтын 21 хоногийн асуудлыг өнөөдөр бид энэ ширээний ард сууж байгаад хариулах боломжгүй. Халдварт өвчин тоглоом биш. Үүнийг мэргэжлийн байгууллага судалгаа, үндэслэлтэй ярина. Хил нээх асуудлыг ч гэсэн Мөнхтүшиг бид хоёр яг одоо энд хэлчих хүмүүс нь биш. Үүнийг олон хүчин зүйл, эрсдлийг тооцож байж Засгийн газрын төвшинд шийднэ.

Дээрх гурван асуудалтай холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын даргын хэлсэн үгийг дурдмаар байна. Коронавирусын аюул намжаагүйг анхааруулахын сацуу энэ аюулыг хохирол багатай даван туулахын тулд биднийг нэг л зүйл дээр анхаарахыг хүссэн. Тэр нь эв нэгдэл. Аливаа улс дотооддоо эв нэгдэлтэй байж гэмээнэ энэ аюулыг хохирол багатай давна шүү гэж уриалсан. Аюулгүй байдал улс орны оршин тогтнох үндэс суурь шүү. Иймээс бүгдээрээ нэг ойлголттой байх нь чухал байна.    

Л.Мөнхтүшиг: Авлигын асуудлаар АТГ шалгалт явуулж тогтоогдсон зүйл гараагүйг хэллээ. Гэхдээ үнэхээр тэгж авилга нэхсэн, өгсөн зүйл байгаа бол ил гаргаад, нотлох баримтыг нь өгөөд шалгуулаач ээ гэж уриалмаар байна. Тэгж хүний зовлонгоор ашиг хонжоо хийж байгаа хүмүүс байгаа бол зогсоох ёстой. 

Б.Болорсайхан: Төрийн алба хүнд ажил. Тусгай болон жинхэнэ албан хаагчид тангараг өргөн ажилладаг. Одоо байгаа хуулийн зохицуулалт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахал байхгүй боллоо гэж мэдэгдэх хүртэл эсвэл 12 дугаар сарын 31 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдал үргэлжилнэ гэсэн агуулгатай байгаа. Үүнийг УИХ 2021 оны 6 дугаар сар хүртэл сунгах боломжтой. Ийм нөхцөлд эрүүл мэндийн байгууллагын болон тусгай чиг үүрэг гүйцэтгэж буй ажилтнуудын халдвар хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг нэн тэргүүнд анхаарах ёстой. 

Хурандаагийн хэлсэн эв нэгдлийн гол суурь итгэлцэл. Мэдээллийг шаардлагатай бол ил болгоод, үгүй бол далд байлгах, эсвэл бид мэдэж байгаа юм чинь гээд мэдээллээ нийтэд гаргахгүй болохоор иргэд төрийн байгууллагад итгэж чадахгүй байна. Иймээс иргэдийн итгэлийн олохын тулд ил тод байдлыг хангах нь чухал. Эндээс л Засаг энэ нөхцөл байдлыг хэрхэн үр дүнтэй удирдаж байгааг харах боломжтой. 

Б.Энхгэрэл: Манай иргэний нийгмийн байгууллага УОК-т өөрсдийн төлөөллөө оруулан ажиллах сонирхолтой байна. Энэ хүсэлтээ илэрхийлсэн байгаа. Ил тод биш маш нууцлагдмал байж байгаад өнөөдөр л энэ 250 орны асуудлыг олж мэдлээ. Урьд нь яригдаж байсан байж магадгүй. Одоо үлдсэн иргэдээ хэзээ авч дуусгах нь маш чухал байна. Үүн дээр тодорхой нэг хугацаа хэлээч ээ. Тусгай нислэгийг мөнгийг төлөөд ирэх боломжгүй болсон хүмүүсээ төр яах гэж байгаагаа ярьж, үүн дээр иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран шийдэл гаргаж ажиллаач ээ гэж хэлмээр байна. 

Л.Мөнхтүшиг: Үнэхээр боломжтой хүмүүс, иргэний нийгмийн байгууллага хандивын үйл ажиллагаа зохион байгуулж болно шүү дээ. Ний нуугүй хэлэхэд улсын төсөв хүнд шүү дээ. Энд хэлж байга бүх ажлыг хэрэгжүүлмээр байвч хязгаарлагдмал нөөцийн улмаас бодоод бодоод бодын шийр гэдэг шиг бодит нөхцөлтэй байна.  

В.Ганзориг: Хувийн хэвшлийн үүрэг оролцоо маш чухал гээд Болорсайхан хэлсэн. Дотоодын зочид буудлуудтай уулзаж тусгаарлах байраа нэмэгдүүлэх ажлыг ярьж байгаа юу?

Б.Ууганбаяр: Ажлын хэсэг байгуулагдан олон дахин уулзаж байгаа. Зарим нь бидний шаардлага хангаж байгаа. 266 зочид буудал, амралт, сувиллын газруудыг судалсан. Зарим нь төвлөрсөн усан хангамж, ариун цэврийн өрөөний шаардлага хангадаггүй. Боломжтой бүх газруудыг дайчлан ажиллаж байгаа. Өнөөдөр гэхэд л манай ажлын хэсэг Дуган хад руу явж байна. 

Иргэний нийгмийн төлөөлөл Шуурхай штаб дээр очоод ажиллах бүрэн боломжтой. Бидний зүгээс татгалзах зүйл байхгүй. Бүгдээрээ хамтраад ажиллая!

В.Ганзориг: Мэдээллийн ил тод байдлыг аль аль талдаа бүрэн хангаж ажиллах нь энэ цаг үед маш чухал болжээ. Ялангуяа хийж байгаа, хийх гэж байгаа ажлуудаа төрийн байгууллагын зүгээс олон нийтэд тогтмол тайлагнаж мэдээлэл ёстой. Ингэж байж та бид, талууд хоорондын эв нэгдлийн суурь болсон итгэлцэл бүрэлдэх нь ээ. 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …