Нийслэлийн Байгаль орчны газар “Хавхгүй нийслэл-2020” аяныг байгаль хамгаалагчдын дунд эхлүүлээд байна. Энэ нь манай орны зарим нутаг тарваган тахал өвчин гарсантай холбогдуулан нийслэлийн ногоон бүсэд Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зэрлэг амьтныг хавх, урхи ашиглан барьж гэмтээх, хууль бусаар агнахыг илрүүлэх, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой хяналтын аян юм.
Ан, амьтны тухай хуульд Улаанбаатар хотын ногоон бүсэд амьтан агнах, барихыг хориглосон байдаг хэдий ч иргэд хууль бусаар амьтан агнах тохиолдлууд гарсаар байна. Хавх, урхи ашиглан тарвага агнах нь тарваган тахал өвчин гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Нийслэлийн Байгаль орчны газар “Хавхгүй аян”-ыг анх 2017 онд нийслэлийн нутаг дэвсгэрт эхлүүлж, тухайн онд 41 хавх, 2018 онд 38 хавхыг нийслэлийн ногоон бүсээс хураан авч устгажээ.
Энэ ташрамд мэдээлэхэд НБОГ энэ оны 6 дугаар сард БОАЖЯ-ны зөвшөөрлийн дагуу суурьшлын бүсээс тархац нутаггүй болсон 32 бодгаль монгол тарвагыг шилжүүлэн нутагшуулаад байна.