“Чингис хаан” музейн барилгын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгөв

Соёлын сайд С.Чулуун, Дэд сайд М.Батбаяр нар “Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.

Өнөөдрийн байдлаар тус музейн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байгаа ч интерьер, экстерьер болон дотор шугам сүлжээний төлөвлөлтийн зарим шийдэл хүлээгдэж байгаагийн зэрэгцээ гадаадаас импортоор оруулж ирэх материалын захиалга хүлээгдэж, улмаар барилга угсралтын ажил төлөвлөсөн хугацаанаас хоцорч болзошгүй байгаа тухай мэдээллийг гүйцэтгэгчийн зүгээс танилцууллаа.

Соёлын сайд С.Чулуун: “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор музейн барилга угсралтын ажил зогсох ёсгүй, яамны дотоод зохион байгуулалтын асуудал ч үүнд нөлөөлөхгүй, ажил хариуцаж байгаа хүмүүс гүйцэтгэж байгаа ажлынхаа талаарх мэдээллийг өөр хоорондоо харилцан солилцож ажлаа уялдуулж, хамтран ажиллах шаардлагатай” гээд шийдэл хүлээсэн асуудлаар судалгааны үндэслэлтэй тодорхой хувилбарууд боловсруулж танилцуулж байхыг холбогдох албан тушаалтнуудад болон байгууллагуудад үүрэг, чиглэл өглөө.

Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны яам, Барилгын хөгжлийн төв, Монголын Урчуудын эвлэл, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төвийн төлөөлөл оролцсон бөгөөд оролцогсод барилга угсралт болон интерьер, экстерьерийн шийдлийн талаар тал бүрээс нь ярилцаад салбарын эрдэмтэн, судлаачдын саналыг авч боловсруулсан хувилбарыг ойрын хугацаанд боловсруулж дахин танилцуулахаар тогтлоо.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …