Монгол Улсын Засгийн газраас гадаадад гацсан иргэдээ татан авах үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд Улсын Онцгой Комиссын шийдвэрээр долдугаар сард тусгай үүргийн 14, захиалгат 5 нислэг үйлдэгдэж нийт 3,834 иргэнийг татан авсан.
Тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчдын эд зүйлс, ачаа, тээш, тээврийн хэрэгсэл болон тусгаарлан ажиглах байранд халдваргүйжүүлэлт хийн халдвар хамгааллын дагуу тусгаарлан сорьц авч, COVID-19 халдварын шинжилгээ хийх үйл ажиллагаанд ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний багууд үүрэг гүйцэтгэж байгаа.
Долдугаар сард хариу арга хэмжээний 7 баг голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд 26 удаа ажиллаж, 19 онгоц, 24 тусгаарлах байр, зорчигчдыг тээвэрлэсэн 148 тээврийн хэрэгсэл болон зорчигчдын гар тээш, хувийн хэрэгсэл, зэрэг нийт 85,000 гаруй кг ачааг халдваргүйжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулснаар дотоодод халдвар тархах эрсдэлээс 100 хувь урьдчилан сэргийлж ажилласан байна.
ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчдод 31 удаа нийт 4,527 хүнээс сорьц цуглуулж, шинжилгээ хийсэн.
Мөн ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори Дорноговь аймгийн Зам-Үүд боомтод хоёр удаа ажиллаж, хилээр нэвтэрсэн иргэдээс нийт 440 сорьц авч лабораторийн шинжилгээ хийж гүйцэтгэжээ.
Эх сурвалж: ЗӨСҮТ