Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Ковид-19” халдварт цар тахлын үед иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийтийг хамарсан арга хэмжээг шат дараалалттайгаар зохион байгуулан ажиллаж байгаа.
Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон холбогдох албаныхан өнөөдөр өглөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдсан “Миний Улаанбаатар” бүжгийн челленжийг дэмжиж оролцлоо.
Тэрбээр энэ үеэр нийслэлчүүддээ хандаж хэлэхдээ “Найман настай балчираас наян настай буурай хүртэл бүгд өөрийгөө эрүүл чийрэг байлгахын төлөө цаг зав гаргаж, хөдөлгөөн хийж байгааг харах сайхан байна. Нийтийн өмчийн цэцэрлэгт хүрээлэн, спорт талбайд нийтийн биеийн тамираар хичээллэхийг нийслэлчүүддээ уриалж байна.
Өөрийн бие бялдар, нийтийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх залуусын энэ үйлсийг дэмжиж ажиллахаа илэрхийлж байна. Нийслэлийн удирдлагуудын зүгээс дугуйн зам, спорт талбай, цэцэрлэгт хүрээлэн олноор байгуулахын төлөө ажиллана” гэдгээ хэллээ.