Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хүүхэд хамгааллын үйлчилгээ болон хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн халамжийн үйлчилгээг сайжруулах зэрэг олон асуудлаар санал бодлоо солилцлоо.
Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенс “Халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэхдээ анхаарах хэрэгтэй. Тэр дундаа хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт чиглүүлэх болон хялбаршуулахдаа тэнцвэрийг маш сайн барих хэрэгтэй.
Хэтэрхий нарийвчилбал алдаа гаргах эрсдэлтэй. Хүүхдийн мөнгийг зөвхөн монголд төдийгүй бусад оронд эв санааны зарчмаар олгож байна. Бид хүүхэд хамгааллын үйлчилгээ болон хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд илүү анхаарч, төсөв санхүүг нэмэх чиглэлээр хамтран ажиллах хэрэгтэй. ХНХЯ нь манай хамгийн чухал хамтрагч билээ. Таны манлайллаар хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна” гэв.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Ковид-19 цар тахлын улмаас эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг үйлдэгдсэн хүчирхийллийн тоо өссөн нь зөвхөн монголд төдийгүй дэлхий нийтэд ажиглагдаж байгааг дурдаад халамжийн үйлчилгээг илүү эмзэг бүлэгт чиглүүлж ажиллахаа илэрхийллээ. Мөн Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллах байхдаа хийдэг байсан сар тутмын уулзалтаа үргэлжлүүлэхээ мэдэгдлээ. Ингэснээр хоёр байгууллага мэдээллээ хурдан шуурхай солилцож, хамтын ажиллагааны зохион байгуулалт сайжрах юм.
Мөн энэ оны 9-р сарын 9-нд НҮБ-ын Хүүхдийн сангийн төв байгууллага “Хүүхдийн тэтгэмжийг эв санааны нэгдлийн зарчмаар олгох нь” сэдэвт тайлангийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулах аж. Уг тайланд Монгол Улс нь жишиг орнуудын нэг хэмээн тодорхойлогдож байгаа бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяаг илтгэгчээр оролцохыг урилаа.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенс, Хүүхдийн сангийн олон улсын вэб сайт дээр сар бүр Монгол Улсын талаарх сайн үлгэр жишээ болох видео мэдээ сонгогдон цацагдаж байгааг онцлов. Энэ нь Монгол Улсыг дэлхийн нийтийн анхааралд оруулахад томоохон хувь нэмэртэйг хэлж байсан юм.