Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл өнөөдөр ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордицаг хүлээн авч уулзалт хийлээ. Уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа. Мөн цаашид хамран ажиллах шинэ санаачлага, гаргалгааны талаар хоёр тал ярилцсан. Тодруулбал:
-Агаарын чанарыг хянах цэгүүдэд нарийн ширхэгтэй тоосыг шүүх багаж, төхөөрөмж байрлуулах
-Уул уурхайн хортой химийн бодисын тал дээр анхаарч ажиллах
-Эрүүл мэндийн аюултай хог хаягдлуудын асуудлыг шийдвэрлэх
-Агаар, хөрс, усыг бохирдуулж байгаа эх үүсгэврийг олох, бууруулах гэх мэт асуудлуудад төвлөрч хамтран ажиллахаар ярилцлаа.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хэлэхдээ агаар, хөрс, усны нэгдэл нь хүний эрүүл мэндэд шууд тусгалаа харуулж байдаг. Тиймээс ДЭМБ болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам бол нэг зүйлийн хоёр тал юм. Бидний хамтын ажиллагаа нягт байснаар монгол хүн эрүүл, аюулгүй аж төрөх бүх талын нөхцөл бүрдэнэ. Бид та бүхний хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудад бүх талаараа тусалж дэмжихэд бэлэн байгаа” гэдгийг онцлон хэлсэн.
ДЭМБ-ийн суурин төлөөлтөгч Сергей Диордица: “МУ-ын Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах тал дээр үнэхээр сайн ажилласны онцолмоор байна. Агаарын бохирдол 50 хувь хүртэл буурсан нь сайн хэрэг. Одоо 80 хувьд хүргэх зорилтод бид хамтран ажиллана. Удахгүй Монгол улс агаарын бохирдлын тухай биш агаарын чанарын тухай ярьдаг цэвэр агаартай орон болно гэдэгт итгэж байна. Түүнчлэн Healthy tourism буюу эрүүл аялал жуучлалыг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллана.” гэдгээ илэрхийллээ.