Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр нь хилийн боомтын зорчих хөдөлгөөнийг зогсооход чиглэсэн юм. Иймд уг шийдвэрийг иргэддээ хилээ хаасан мэтээр ойлгохгүй байхыг хичээнгүйлэн хүсье.
Тодруулбал, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, халдварыг хүн ам дотроо алдах эрсдлийг бууруулах зорилгоор гадаадад гацсан монгол иргэдийг зохион байгуулалттайгаар эх оронд нь авчрах, хилээр нэвтрүүлэх ажлыг УОК-ын шийдвэрээр тасралтгүй зохион байгуулж байна.
Өнөөдрийн байдлаар 16 мянга 117 иргэнээ эх оронд нь татан аваад байна.
Сүүлийн саруудад тусгай үүргийн нислэгийн давтамж, чиглэлийг эрс нэмж, сардаа 14-16 нислэг авч байгаа нь 7 хоног бүр 3-4 нислэг үйлдэж байгаа гэсэн үг юм.
Хэрэв өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед буюу гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах горим мөрдөгдөж байх хугацаанд агаарын хилийг нээж, арилжааны нислэгүүдийг эхлүүлэх тохиолдолд тусгаарлах байрны нөөц, эмчлэх хүчин чадлаас шууд шалтгаалах тул нислэгийн тоо мөн 14-16 байна. Энгийн буюу арилжааны нислэгүүдийг нээх тохиолдолд дараах нөхцөл, хүндрэлүүд үүснэ:
- Зорчигчийн мэдээлэлд тулгуурлан тусгаарлах байрны хуваарь, тооцоог урьдчилан гаргах, онгоц буусны дараа зорчигчдыг тусгаарлах байр руу тээвэрлэх, сэжигтэй иргэдийг тусгаарлаж, зорчигчдын дунд халдвар тарах эрсдлээс сэргийлэх боломжгүй болно,
- Онгоц буусны дараа дээрх ажлыг зохион байгуулах шаардлагатай тул зорчигчид онгоцонд олон цагаар хүлээх, халдвартай зорчигч байх тохиолдолд халдвар тархах эрсдлийг нэмнэ,
- Тухайн нислэгээр ирэх зорчигчдын мэдээллийг урьдчилан авч, хяналт тавих, гадаадад удаан хугацаагаар гацсан иргэдийг тэргүүн ээлжинд авах боломжгүй буюу тийз авахаар хандсан хамгийн анхны хүмүүс нислэгт хамрагдана,
- Суудлын дүүргэлт буурах, тийзийн үнэ нэмэгдэх магадлалтай.
Жич: Гадаад орнуудаас чартераар ирж буй иргэдийн нэрсийг цахимаар ил болгож, ил тод, хуулийн байгууллагуудын хяналтыг мөн эрчимжүүлж, зөвхөн энэ сард 6-р сарынхаас 2 дахин их буюу 4500 орчим иргэдээ авч ирэх ажил гүйцэтгэх шатандаа явагдаж байна.
ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг улс орнуудын хил гадаад иргэдэд хаалттай байгаа нь дамжин өнгөрөх арилжааны нислэгүүдийг нээхгүй байх нэг үндэслэл болж байна.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс