Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар Я.Амаржаргалыг томиллоо.
Я.Амаржаргал нь Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. ОХУ-ын Томск хотын генетикийн хүрээлэн, ЭМШУҮИС-ийн докторантурт сурч 2012 онд анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Анагаах ухааны доктор (Ph.D) цолтой.
2000-2002 онд АНУ-ын Алабамын Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд нийгмийн эрүүл мэнд, олон улсын эрүүл мэндийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. 2010 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг төгссөн.
Я.Амаржаргал нь Эрүүл мэндийн яаманд 2005 оноос мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын орлогч дарга, газрын даргын албан тушаалд шатлан дэвших зарчмаар ажиллаж ирсэн төрийн ажлын туршлагатай, энэ албыг хаших боловсрол, мэргэжлийн чадвартай төрийн жинхэнэ албан хаагч. 2019 оны 10 дугаар сараас ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон.
Төрийн албаны зөвлөлөөс зарласан Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад 2 удаа орж нөөцөд бүртгэгдсэн удирдах ажилтан юм.