Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Хэлэлцүүлэгт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил болон ажлын хэсгийн гишүүд, холбогдох мэргэжилтнүүд оролцож, санал шүүмж хэллээ.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж тус бүрийн чиг үүргийг тодорхой болгон заагласан нь чиг үүрэг хоорондоо давхцдаг байдлыг арилгах нөхцөлийг бүрдүүлж байна.
Мөн онцлох нэг заалт бол Ерөнхий сайд өөрийн багт ажиллах Засаг даргыг аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал болгох, Аймгийн Засаг дарга сумын Засаг даргыг тухайн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал болгох зарчмаар томилох зохицуулалтыг тусгажээ.
Орон нутагт зарим татварын орлогын тодорхой хувийг үлдээхээр зохицуулсан бөгөөд тодорхой төрлийн татварын хувь хэмжээг орон нутаг өөрөө тогтоох, аймаг, сум, нийслэл, дүүрэг бие даасан төсөвтэй байх зохицуулалтыг хийж өгч байгаа юм.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Орон нутгийн удирдлага, нутгийн захиргааны дээд байгууллага гэдэг бол Үндсэн хуульд тусгайлан олгогдсон чиг үүрэг бүхий өөрийн удирдлага, нийгэм, эдийн засгийн цогцолбор мөн гэж заасан байдаг. Төрийг орон нутаг, нутаг дэвсгэрийн нэгжээр дамжуулж удирдах, ард түмний засаглах эрхийг баталгаажуулж байгаа чухал хууль юм. Энэ хуулийг түргэн шуурхай батлах ёстой гэдэг дээр санал нэг байгаа ч хэт яарч, дутуу хандаж болохгүй. Хуулийн эд, эс бүхнийг маш нарийн судалж байж гаргах ёстой гэж бодож байна.
Төвлөрлийг сааруулах гол асуудлаас гадна эдийн засаг, нийгмийн асуудал ямар байх вэ, иргэдийн амьдралд хэрхэн тусах вэ гэдэг талаас нь анхаарч харах хэрэгтэй. Одоо бол сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын чиг үүрэг адилхан болчихлоо. Тухайлбал, нийслэлд хамгийн их тулгамддаг газар олголтын асуудал байна. Дүүрэг, нийслэл, салбарын яам газар олгодог.
УИХ-аар батлагдсан хот төлөвлөлт нь байхад дүүргийн Засаг дарга нар давхцуулан газар олгох тохиолдол гардаг. Мөн хог хаягдлын асуудлыг нийслэл шийдье гэхээр дүүргийн Засаг дарга орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудтай гэрээний үндсэн дээр шийдвэрлэнэ гээд заачихсан байдаг.
Тэгэхээр хог хаягдлын асуудалд нийслэлийн Засаг дарга, Захирагчийн ажлын алба шууд оролцох боломжгүй болчихдог. Ингээд хог хаягдлын, хот байгуулалтын асуудлаа ч шийдвэрлэж чадахгүй, эрх үүргийн хувьд давхцдаг тохиолдол их гардаг учир энэ бүх асуудлыг цэгцэлж, эрх үүргийн давхцлыг арилгах, тодорхой болгох хэрэгтэй юм гэж үзэж байна” хэмээн онцоллоо.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “Хуульд нэгдүгээрт, хариуцлагатай төр ямар байх ёстой вэ гэдгийг тусгаж өгсөн. Хоёрдугаарт, хяналт, тэнцэлийн асуудал байна. Төр нь ямар чиг үүрэгтэй байх юм, орон нутгийн чиг үүрэг, санхүүгийн эрх мэдэл ямар байх вэ гэдгийг илүү тодорхой болгож өгч байна. Энэ хуулиар орон нутагт тодорхой татварын орлогыг үлдээхээр байгаа. Гуравдугаарт, төрийг тогтвортой байх зарчмын асуудлыг тусгаж өгсөн” хэмээв.
Нийслэлийн Засаг даргын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан зөвлөх Р.Батрагчаа “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэрэгжүүлж буй зарим чиг үүргийг хот, тосгодод хэрхэн шилжүүлэх вэ, хот, тосгодын чиг үүрэг, түүний оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгийг шийдвэрлэх чухал ач холбогдолтой хуулийн төсөл юм. Засаг дарга нар Ерөнхий сайдад үйл ажиллагаагаа тайлагнаж, хариуцлага хүлээнэ гэсэн үндсэн зарчим байдаг. Гэтэл энэ зарчим бодит байдалд хэрэгждэггүй байсан. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын асуудлыг тодорхой тусгаж өгч байгаа юм. Тухайлбал, орон нутгийн сонгуулийн тухай ярихад нийслэлийн төлөөлөгчид бизнесийн салбараас орж ирэх магадлал өндөр байдаг. Иргэдийн хуралд орж ирчихээд өөрсдийн бизнесийг хамгаалах гэж Засаг даргад нөлөөлөх магадлал байдаг учир шинэчилсэн найруулгаар ИТХ-ын төлөөлөгчдөөс хараат байхгүйгээр Ерөнхий сайдад ажлаа тайлагнах нөхцөл боломжийг бүрдүүлсэн. Шинэчилсэн найруулгын төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа асуудал бий. 2024 оноос эхлэн НИТХ-ын төлөөлөгчдийг дүүргийн Иргэдийн төлөөлөгчид сонгоно гэж байгаа. Гэтэл бодит байдалд төлөөлөгч нар дүүргийн эрх ашиг, сонгогдсон тойргийнхоо асуудлыг ярих нь бий. Өөрөөр хэлбэл, нийслэлийн эрх ашиг, асуудлыг ярих төлөөлөгч байдаггүй. Иймд хуулийн төсөлд нийслэлийн бус дүүргийн эрх ашгийг хамгаалдаг төлөөлөгч нараар бүрдэх нөхцөл байдал үүсчих вий гэж харж байна. Мөн хуулийн төслийн бас нэг онцлог бол иргэдийн төлөөлөгч нарыг “давхар дээл” өмсөх боломжгүй болгосон. Энэ нь улс төрөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлэх юм” хэмээн саналаа хэллээ.
Дашрамд дурьдахад, энэ сарын 17-ны өдөр эхлэх УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм.