ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө.
Тэрбээр “Наймдугаар сарын 20-ны өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 709 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.
Үүнд,
Наймдугаар сарын 1-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 99 хүний шинжилгээ,
Наймдугаар сарын 5-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 249 хүний шинжилгээ,
Наймдугаар сарын 7-нд Шинэ Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн 179 хүний давтан шинжилгээ,
Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 40 хүний давтан шинжилгээ,
Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдаж байгаа 9 хүний давтан шинжилгээ
Наймдугаар сарын 18-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 105 хүний шинжилгээ,
Тандалтын зорилгоор цуглуулсан 6 хүний сорьц,
Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 19 жолоочийн шинжилгээ багтаж байна.
Өнөөдөр дахин хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Тухайн хоёр иргэний хувьд, 42 настай эрэгтэй, 50 настай эмэгтэй хүн байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 298 тохиолдол гаднаас зөөрлөгдөн орж ирж, батлагдсан. Үүнээс 283 хүн эдгэрсэн бөгөөд одоогоор ХӨСҮТ-т 15 хүн уг өвчний улмаас эмчлүүлж байгаа.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, 13 өвчтөний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Эдгэрсэн хүмүүсээс 28 хүн сувилалд, 38 хүн гэрийн ажиглалтад тусгаарлагдаж байгаа бол 217 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан” гэлээ.