НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн 8 дугаар сарын 12-ны өдрийг “Олон улсын залуучуудын өдөр” болгон тэмдэглэхээр тунхагласан.
Монгол Улсын хувьд энэхүү уриалгыг дэмжиж Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь хэсэгт “Залуучуудын өдөр”-ийг 08 дугаар сарын 25-нд тэмдэглэхээр заасан байдаг. Мөн засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас жил бүрийн наймдугаар сарыг залуучуудын хөгжлийн сар болгон зарлаж залуучуудад чиглэлэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулдаг билээ.
Энэ жил залуучуудын хөгжлийн сарыг залуучуудын нийгмэд оруулж буй хувь нэмрийг таниулах, залуучуудын хөгжил, тулгамдаж буй асуудлын шийдэл, боломжийг эрэлхийлж бодит оролцоог дэмжих зорилгоор “Нэг залуу- Нэг санаачилга” уриатайгаар зохион байгуулж байна.
Хан-Уул дүүргийн хувьд залуучуудын дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, залуучуудын эх оронч үзлийг төлөвлшүүлэх, тэдний зөрчигдөж байгаа эрхийн асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэхэд нөлөө үзүүлэх зорилгоор дүүргийн дөрвөн бүсэд Залуучуудын элчийг тодруулан батламжилжээ.
Тэд өчигдөр буюу 2020 оны наймдугаар сарын 20-ны өдөр Залуучуудын элчийн батламжаа гардан авч, Хан-уул дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хан-Уул дүүргийн,
- Төвийн бүсийн залуучуудын элчээр 20 дугаар хорооны Засаг дарга А.Отгон-Эрдэнэ
- Яармаг бүсийн залуучуудын элчээр “Бүрд Жи Ти Эл” ХХК-ийн захирал Ц.Дагвадорж
- Нисэхийн бүсийн залуучуудын элчээр Хан-уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин
- Холын бүсийн залуучуудын элчээр 21 дүгээр хорооны Засаг дарга Б.Байгалмаа нар сонгогдон ажиллахаар болж, батламжаа гардан авлаа.