Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийг ирэх сарын 1ний өдрөөс хэрэгжүүлж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургуулийн гал тогоонд ажиллах тогоочдын ур чадварыг дээшлүүлж, чадавхжуулах “Сургуулийн хүүхдийн хоолны тогоочийн мэргэшүүлэх сургалт”-ыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран зохион байгуулж байна.
Тус сургалт болон ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийн талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Суралцагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.ТҮМЭНЖАРГАЛТАЙ ярилцлаа.
-Үдийн цай хөтөлбөрийг үдийн хоол болгох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Уг хуулийг хэрэгжүүлснээр ямар давуу тал бий болох вэ?
-2019 оны УИХ-ын чуулганаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хуулийг баталсан. Энэ хуулийн зорилт нь ерөнхий боловсролын сургуульд суралцагчийн оюуны болон бие бялдрын өсөлт хөгжлийг дэмжих, хооллох зөв дадал төлөвшүүлэхэд чиглэсэн сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, удирдлага, зохион байгуулалт, оролцогчийн эрх, үүрэг, хариуцлага, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа юм. Хуулийг хэрэгжүүлэх тухай Улсын Их хурлын 53 дугаар тогтоолын дагуу 2021 оноос 1-5 дугаар анги, 2022 оноос дунд анги, 2023 оноос ахлах ангийн сурагчдад үдийн хоолны үйлчилгээнд хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Дэлхийн 180 гаруй оронд хүүхдийн хоолны хуулийн зохицуулалт байдаг. Хуулийг үр дүнтэй хэрэгжүүлж 10-15 жилийн дараах эрүүл, зөв монгол залуусын үеийг бий болгох нь чухал юм.
-Сургуулийн хүүхдийн хоолны тогоочийн мэргэшүүлэх сургалтад хэчнээн хүнийг хамруулж байна вэ?
-Сургуулийн тогооч нар бол дээрх зорилтыг бодит биеллээ олоход голлох үүрэгтэй. Иймээс хамгийн түрүүнд тогооч нараа бэлтгэх хэрэгтэй. Сургалтыг 14 хоногийн хугацаатай явуулах бөгөөд нийслэлийн 18 сургуулийн 25 тогоочийг хамруулан хоол хүнсний илчлэгт чанар, хүүхдийн хоолны цэс зохиох, хүүхдийн хоол бэлтгэх технологийн онцлог, хоолны илчлэг тооцох аргачлал, түүхий эд бүтээгдэхүүний чанар, хүлээн авах, хадгалалт тээвэрлэлтэд тавих шаардлага зэрэг онолын болон практик дадлагыг хослуулан явуулж байна. Суралцагчдад эрүүл, шим тэжээллэг хоол хүнсийг бэлтгэж хүргэхэд тогооч нарын үүрэг хариуцлага чухал бөгөөд цаашид энэ чиглэлийн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Сургалтыг өргөн хүрээнд өөрөөр хэлбэл улсын хэмжээнд зохион байгуулахад олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал Койка, Жайка, Дэлхийн банк, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан зэрэг олон улсын байгууллагатай хамтран ажиллах төсөл хөтөлбөрүүдийг боловсруулаад байна. Эхний төслүүд 2021 оноос эхлээд хэрэгжээд явахаар мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах гээд олон асуудлууд шийдэгдэнэ. Тэд ч бидний саналыг нааштай хүлээж авч байгааг дуулгахад таатай байна. Өнгөрсөн онд Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сантай хамтран эхлүүлсэн Эрүүл хооллолт-Идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих төсөл хөтөлбөрийн үргэлжлэл болж ирэх сард бид Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгийн сургууль цэцэрлэгт очиж, төслийн хүрээнд хүүхдийн хоолны 185 нэр цэсийг боловсруулснаа танилцуулах, тогооч нарыг сургах сургалтыг зохион байгуулахаар явах гэж байна. Энэ үеэрээ тус аймгуудын сумдын тогооч нарыг хамруулна. Өнгөрсөн онд дээрх гурван аймгийн сургуулийн гал тогоог дээрх сангийн тусламжаар шинэ тоног төхөөрөмжтэй болгосон юм.
-Сурагчид сургууль дээрээ үдийн хоол идэх нь хэр ач холбогдолтой вэ?
-Сургуулийн үдийн хоол гэдэг бол тухайн хүүхдийн ходоодыг зүгээр нэг цатгах тухай асуудал биш юм. Дэлхийн олон оронд үдийн хоолоороо дамжуулан нийгмийн халамжийн үйлчилгээг явуулдаг. Ялангуяа Азийн орнууд болох Япон, Солонгос зэрэг оронд сургуулийн Үдийн хоолны үйлчилгээ өндөр хөгжсөн байдаг. “COVID-19” цар тахлаас болоод сургууль, цэцэрлэгийн үйлчилгээ дэлхийн олон оронд тасалдсан. Үүнтэй холбоотойгоор дэлхийн 60 гаруй сая хүүхэд өлсгөлөнд өртөх аюултай болоод байгаа тухай мэдээлэл байна. Тодруулбал, тухайн хүүхдүүд сургуульдаа явж, үдийн хоол идэж, хоногт хоол хүнснээсээ авах илчлэгийн тодорхой хувийг авдаг. Манай оронд ч гэсэн хүүхдүүд сургуулийнхаа үдийн цай үйлчилгээнд хамрагдсанаар суралцагчдын хичээлийн идэвх, ирц сайжирсан судалгааны дүн байдаг. Гэдэс цатгалан эрүүл хүүхдүүд хичээлдээ сайн сурахад томоохон түлхэц болно. Бидний бас нэг анхаарах ёстой зүйл бол хоол хүнсний харшилтай хүүхдүүд байдаг. Тэдэнд тохирох тусгай хоол бэлтгэж өгөх хэрэгтэй. Энэ бол гаднын орнуудад тогтсон хэвшсэн асуудал гэж хэлж болно. Иймээс сургуулийн хоол зүйч, эмч хоёр нягт хамтран ажиллах шаардлагатай. Сургууль дээрээ хүүхэд шим тэжээл сайтай хоол идээд сурчихвал түргэн хоол, чихэрлэг амттан худалдан авч идэхгүй байх бүрэн боломжтой.
-Энэ жилийн хувьд үдийн цай хөтөлбөр үргэлжлэх үү?
-Бид ирэх нэг жилийн хугацаанд үдийн цайг үдийн хоол болгох бэлтгэл ажлаа хангаж ажиллана. Ингээд ирэх оны есдүгээр сарын 1-нээс эхлэн бага ангийн сурагч бүр сургууль дээрээ үдийн хоол идэх боломжоор хангагдана гэсэн үг. Энэ жилийн хувьд үдийн цай хөтөлбөр хэвийн үргэлжилнэ. Цар тахлын энэ үед сургууль дээр нь хүүхдэд амин дэмээр баялаг, дархлааг дэмжсэн, байгалийн гаралтай жимсний шүүс, халуун ундааг сонгон өгөх нь зүйтэй. Үдийн цайны хувьд хүүхдийн хоногт авах илчлэгийн 10-15 хувийг олгоно. Үдийн хоол болоод ирэхээрээ хоногт авах илчлэгийнхээ 30-35 хувийг тухайн сурагч авах боломжтой болно.
-Сурагч бүрийг эрүүл чанартай аюулгүй үдийн хоолоор хангах ажилд хэр бэрхшээл тулгарч байгаа вэ?
-Бидний одоо явуулж буй үдийн цай хөтөлбөр нь хангамжийн нэгдсэн тогтолцоонд шилжээгүй. Олон сургуулийн хувьд зах зээлээс гэрээт борлуулагчаас хүнсний түүхий эдээ олон шат дамжлагаар дамжуулан хүлээн авдаг. Иймээс ерөнхий боловсролын сургуулийн хоол, хүнсний хангамжийг нэгдсэн системд оруулах шаардлагатай. Баталгаатай нэг эх үүсвэрээс, тогтвортой үнээр хүнсний түүхий эд бүтээгдэхүүнээ авах нь чанар аюулгүй байдалд ч тустай байх болно. Мөн ерөнхий боловсролын сургуулийн гал тогоог стандартын шаардлага хангуулах томоохон ажил байна. Бидний явуулсан нэгэн судалгаагаар улсын хэмжээнд огт гал тогоогүй 30 орчим сургууль байна. Үүнээс гадна зориулалтын бус гал тогоотой сургууль ч бас байна. Гал тогоогүйн улмаас шууд бэлэн бүтээгдэхүүн худалдан авч үдийн цайндаа олгож байна гэсэн үг. Тэдгээр бүтээгдэхүүн нь чанар аюулгүй байдлын баталгаажилтгүй, хаана хэзээ үйлдвэрлэсэн тодорхойгүй хүүхдэд ямар ч шим тэжээл болохгүй, өөрөөр хэлбэл хоосон илчлэг болдог бүтээгдэхүүн байх асуудал ихээхэн гардаг. Үүний дараа суралцагчдад эрүүл, аюулгүй хоол хүнсийг хүргэхэд мэргэжлийн хүний нөөцийн асуудал чухал. Түүнчлэн сургуульд хоол зүйч ажиллана гэж тус хуульд заасан байгаа. Тухайн сургуулийн Үдийн хоолны шим тэжээллэг чанар аюулгүй байдалд хяналт дотоод хяналтаа тавьж, тогоочид зөвлөгөө өгч ажиллах гол хүн нь хоол зүйчид байх юм. Гэтэл өнөөдөр цөөн хэдэн сургуульд хоол зүйчээр мэргэжилтэн бэлтгэж байна. Ер нь энэ төрлийн мэргэжлийг сонгон суралцвал ирээдүйд ажлын байр нь бэлэн байна. Мөн хүнсний чиглэлээр төгссөн хүмүүсийг 1-1.5 жилийн хугацаанд суралцаж, мэргэжлийн хоол зүйч болох хөрвүүлэн сургах сургалт ШУТИС дээр явагдаж байна.
Эцэст нь хэлэхэд хүүхдэд учирдаг хоол тэжээлийн гурван дарамт байдаг тухай НҮБ-ын Хүүхдийн сангийн хийсэн судалгаанд дурдсан байдаг. Үүнд 1.хоол тэжээлийн дутал 2. далд өлсгөлөн 3. илүүдэл жин таргалалт. Эдгээр асуудал нь бүгд эрүүл, зөв хоол, хүнсийг зохистой хэмжээгээр хэрэглээгүйгээс үүдэлтэй. Иймээс ирээдүйн монголын иргэдийнхээ төлөө тэдний хоол хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах нь бүх нийтийн үүрэг болоод байгааг хэлмээр байна.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН. 2020.08.20