Соёлын яамны дэмжлэгтэйгээр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг “Хориг” уул орчимд археологийн авран хамгаалах судалгаа хийх анги ажиллахаар боллоо.
Тус хээрийн судалгаанд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, ШУТИС зэрэг 5 байгууллагын археологич, антропологич, түүхч, угсаатны зүйч, сэргээн засварлагч зэрэг мэргэжлийн судлаачид оролцоно.
Энэ дашрамд танилцуулахад, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг “Хориг” хэмээх ууланд Монголын эзэнт гүрний үеийн олон тооны булш тоногдож сүйтгэгдсэн байсныг 2017 оны зун нутгийн иргэдийн мэдээллээр судлаачид олж мэдсэн. Тухайн үед уг дурсгалт газарт судалгаа хийх зөвшөөрөлгүй байсан тул 2018-2019 онд хоёр жил дараалан эдгээр тоногдсон дурсгалын орчимд үлдэж хоцорсон олдвор хэрэглэгдэхүүнийг авран хамгаалах судалгаа хийгдсэн.
Төлөвлөгөө ёсоор 2020 онд “Хориг” уулын орчимд тоногдсон бусад дурсгалуудыг авран хамгаалах судалгаагаа үргэлжлүүлэн хийхээр байсан төдийгүй уг судалгааг Засгийн газраас дэмжиж нөөц хөрөнгөнөөс санхүүжилт олгох тогтоол 2019 оны 09 дүгээр сарын 25-нд батлагдсан билээ.
Уг төсвийг батлуулахад тухайн үеийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, одоогийн Соёлын Сайд С.Чулуун Засгийн газрын удирдлагуудад судалгааны ач холбогдлыг танилцуулж, сэтгэл зүтгэл гаргасны үр дүнд ажил хэрэг болсон. Ийнхүү Засгийн газрын тогтоол, шийдвэр нь гарсан хэдий ч цаг үеийн асуудлаас болж төлөвлөгөөт ажлууд нь хэрэгжиж эхлээгүй байсан тус судалгааны ажлыг С.Чулуун Сайдын дэмжлэгтэйгээр хэрэгжиж эхэллээ.