Энэ сарын 18-ны өдөр “Монгол арт галерей”-д “Гоёлог ээжүүд” ТББ-аас санаачлан зохион байгуулсан “Бүсгүй цэцэг” үзэсгэлэнгийн нээлт боллоо.
Тус үзэсгэлэнгийн нээлтэд уригдсан МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “96 жилийн түүхтэй Монголын эмэгтэйчүүдийн байгууллага урьд өмнө үндэсний өв соёлоо өвлүүлэн уламжлуулах, Монгол урлаачдынхаа бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор томоохон арга хэмжээ зохион байгуулдаг байсан уламжлалтай.
Өнөөдөр түүний нэгэн адил нас хүйс, ажил мэргэжлийн онцлогоос үл хамааран гар урлалын гайхамшигт бүтээлүүд урлах сонирхолдоо хөтлөгдөж, аливаа энгийн эд материалийг хэрхэн бүтээлчээр ашиглаж, орчин үеийн шийдэлтэй урлаг бүтээж болдгийг харуулж, мөн нэг нэгэнтэйгээ арга туршлагаа хуваалцаж буй та бүхэндээ баяр хүргэе.
Гар урлал, оёдол үйл нь Монголчууд бидний өв. Ээж нь охиддоо үлгэрлэх үлгэр дуурайл, айл гэрт бичил бизнес хөгжих, эдийн засгийн чадавхаа нэмэгдүүлэх боломж, мөн нийгэм, олон нийтэд гоо зүй, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сэдэл төрүүлэх, хэрэглүүлж занших зэрэг асар олон эерэг талтай учраас Монголын эмэгтэйчүүдийн холбоо хойшид ч энэ чиглэлээр та бүхэнтэй хамтарч, дэмжих ажиллахаа илэрхийлж байна” хэмээн хэлсэн юм.
Энэхүү үзэсгэлэнд гар урлалын олон төрлүүдээс “Цэцэг” сэдвийн дор нэгдэн уламжлалт эсгий ширмэл, нэхмэл, арьс шир, Монгол дээл хувцаснаас гадна гар урлалын 40-өөд төрлийн бүтээлүүдийг нэг дор дэлгэн харуулснаараа онцлог байлаа.
Энэ үеэр Гоёлог ээж ТББ-ын тэргүүн Б.Нямгэрэл“Гар урлалын салбарыг дэлгэрүүлэн хөгжүүлж, олон улсын чанарын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, арга ухаанд урлаачдаа сургах, тэдний бүтээлийг олон нийтэд таниулан, өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх, урлаачдад бүтээлээ оюуны өмчөөр хамгаалуулах, оюуны өмч, зохиогчийн эрхийн талаарх мэдлэг мэдээллийг олгох, үндэсний шинж чанартай инновацитай бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд мэргэжлийн байгууллагын сургалт зөвлөгөөг авах зэрэгт гүүр болж ажиллахыг зорьж байна” хэмээн хэлсэн юм.