Улаанбаатар хотын хөрсний нянгийн бохирдлыг стандарт үзүүлэлттэй харьцуулахад нийт дээжний 88 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрсэн бол хотын хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд аммонийн бохирдолт бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулахад 10 дахин их байгаа юм.
Мөн гэр хороолол, олон нийтийн газрын ахуйн хог хаягдал, шингэн бохирдолтой шууд холбоотой Улаанбаатар хотын хөрсөнд органик гаралтай бохирдол их байна.
Нийслэлийн нутаг дэвсгэр дээрх эвдэрсэн газрын тооллого, судалгааны дүнгээс харахад сүүлийн жилүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж Улаанбаатар хотын хөрсний 13 хувь нь ямар нэг хэмжээгээр эвдэрсэн бол нийт эвдэгдсэн талбайн 70 хувь нь хүчтэй доройтож цөлжсөн байдалтай байна.
Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан хөрсний доройтол, бохирдлыг бууруулах ажлыг нэгтгэсэн дэд хөтөлбөр боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/992 дугаар захирамжаар байгуулагдаж, Ажлын хэсгийн гишүүд хуралдлаа.
Хурлаар Ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал Улаанбаатар хотын хөрсний бохирдол, доройтлын одоогийн нөхцөл байдал, тэдгээрийн эх үүсвэр, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар, Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга хөрсний бохирдол, доройтлыг бууруулахад чиглэгдсэн бодлогын баримт бичгүүд, хэрэгжиж байгаа болон хэрэгжиж дууссан үндэсний хөтөлбөрүүд болон Хөрс хамгаалах дэд хөтөлбөрийн төслийг танилцуулсан.
Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын 9 дүүрэг, нийслэлийн зарим агентлаг, газрын удирдлага, Шинжлэх ухааны Академи, төрийн бус байгууллагын төлөөлөл орсон нь хөрсний бохирдлын асуудлыг судалгаа шинжилгээнд үндэслэн далайцтайгаар шийдвэрлэх эхний алхам болж байгаа юм.
Хөрсний бохирдлын судалгаа 2000 оноос эрчимжиж, гүний усны бохирдол, нянгийн бохирдлыг судлах болсон. Хөрсийг судлаад, шинжлээд нөхцөл байдлыг бүх талаас нь тодорхойлж, тооцоо судалгаа гаргасан учир одоо тулгамдсан асуудлуудаа тодорхойлох үлдэж байна. Хөрс хамгаалах, хөрсний доройтлыг бууруулах чиглэлээр хөтөлбөр, дэд хөтөлбөр, мастер төлөвлөгөө өмнө нь байгаагүй. Тиймээс энэ томоохон ажлын шанг татаж байгаа хүмүүс нь хөрсний бохирдлыг бууруулах ажлын хэсэг юм.
Хөрсний бохирдлоор судалгаа хийдэг, энэ чиглэлээр ажилладаг гадаад, дотоодын байгууллагуудын судалгааг татан авч, судалж байна. Түүнчлэн Үнс, хог хаягдал агаар, хөрсний бохирдолд ихээхэн сөрөг нөлөөтэй. Үнсийг ангилж ялгах, дахин ашиглах ажлын хэсэг байгуулагдаж амжилттай явж байна.
Гэр хорооллын сайжруулсан түлшний стандартыг батлуулсан. Дөрвөн хороон дээр үнсийг ангилж ялгах ажил туршигдсан. НЗД-ын захирамж болон Зөвлөлийн хурлаас өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэлийн зургаан дүүрэг, цаашлаад есөн дүүргийн бүх иргэдэд хог, үнсээ ахуйн хог хаягдлаас тусад нь ангилж ялгах үүрэг даалгаврыг өгсөн. Бүх хороодын дарга, хэсгийн ахлагч нартаа зөвлөмж зөвлөгөө өгөөд сургалт явуулаад ажиллаж байна.
Нийслэлийн байгаль орчны газрын дарга Э. Баттулга “НЗДТГ, ШУА хамтран 2 сарын өмнө хөрсний бохирдолтой холбоотой олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Одоогийн байдлаар хөрсийг бүх талаас нь судлаад, нөхцөл байдлыг бүх талаас нь тодорхойлсон. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулахад ногоон байгууламж маш чухал нөлөөтэй зүйл. Нийслэлд хавар, өвөл болгон халиа үүсдэг. Газарзүй геоэкологийн хүрээлэн, Цэвдэг судлалын хүрээлэнтэй хамтран айл өрхийг мөсөнд автуулж, зудын байдалтай болгодог халианы эх үүсвэр, шалтгааны талаар судалсан. Уг ажлын хүрээнд зургаан газрын координатыг тодорхойлсон. Эхний ээлжинд эдгээр зургаан байршлын дагуу газар чөлөөлөх, тусгай хамгаалалтад авах ажлуудыг эхлүүлээд явж байна” гэлээ.
Дэд хөтөлбөр хэрэгжсэнээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хөрс доройтох, цөлжилтөөс сэргийлэх, агаар орчны бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой. Мөн анх удаа Нийслэлээс хөрсний бохирдлыг бууруулах Дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр болж байгаа юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс