Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх гэж байгаатай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам Эрүүл мэндийн яамны мэдээллийн цагт хамтран оролцож мэдээлэл өгч байна.
Өнөөдрийн /08.24/ мэдээллийн цагт Боловсрол, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир хичээлийн жилийн бэлтгэлийн талаар дараах 5 багц сэдвээр мэдээлэл өглөө.
1.”Ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам”-ын хэрэгжилтийг хангах чиглэл, зөвлөмж өгөх сургалтын төлөвлөлт
”Ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам”-ын хэрэгжилтийг хангах чиглэл, зөвлөмж өгөх сургалтыг нийт аймаг, дүүрэгт хийж, нийт 34344 багш, ажилтан оролцуулахаар төлөвлөсөн.
Наймдугаар сарын 21-ний өдрийн мэдээгээр 14-21-ний өдрийн хооронд 13 аймаг, нийслэлийн дүүргүүдэд 1-2 өдрийн сургалтыг цахим болон танхимын хэлбэрээр хийж 19626 багш ажилтан хамрагдсан байна. Наймдугаар сарын 24-27-ны өдрүүдэд бусад 8 аймаг сургалтаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Сургалт явуулах хэлбэрийн хувьд танхим, цахим, холимог хэлбэрээр сургалтыг зохион байгуулж байна.
2. Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн суралцагчийн бүртгэлийн явц, бүртгэлд хамрагдалтын хувь
Улсын хэмжээнд наймдугаар сарын 06-ны өдрөөс 1 дүгээр ангийн суралцагчийг бүртгэх ажлыг эхлүүлж, хүн ам олноор суурьшдаг аймаг, нийслэлийн сургуулиудын олонхи нь цахим хэлбэрээр явуулж бол хөдөө орон нутгийн сургуулиуд уламжлалт буюу биечлэн очиж, баримт бичгээр бүртгүүлэх хэлбэрээр зохион байгуулж байна. 8 дугаар сарын 21-ний байдлаар бүртгэлд хамрагдалтын хувь орон нутагт 54, нийслэлд 60 хувьтай байна. Улсын дүнгээр 59 хувьтай байна. Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн хүүхдийн бүртгэлийн ажил үргэлжилж байна.
3. Мэргэжлийн багшийн хангалт, эрүүл мэндийн үзлэгийн явц байдал:
Наймдугаар сарын 21-ний өдрийн байдлаар мэргэжлийн багшийн хангалт /урьдчилсан төлөв/ орон нутагт 95 хувь, нийслэлд 89 хувь байна. Улсын дундаж 90.3 хувь байна. Ихэнх аймаг, дүүрэгт энэ сарын 24-28-ны өдрүүдэд багшийн сул орон тооны сонгон шалгаруулалт явуулахаар төлөвлөсөн байна. Сонгон шалгаруулалтад орохоор бүртгүүлсэн иргэдийн бүртгэлээс авч үзэхэд хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай байгаа мэргэжлийн багшийн сул оронд ажиллах хүний нөөц хангалттай байна гэж урьдчилсан төлөв харагдаж байна. 9 дүгээр сарын 1-нд хичээлийн жил эхлэхэд шаардлагатай мэргэжлийн багшийн хангалтын үзүүлэлт ахисан байна гэж үзэж байна. Сул орон тооны сонгон шалгаруулалт зарласан байдлаар авч үзвэр 1)Бага ангийн багш, 2)Математик, 3) Гадаад хэл, 4) Дуу хөгжмийн багш, 5) Хими, хими-биологи, биологи мэргэжлийн багш илүү дутагдалтай нь харагдаж байна. Мөн эрэгтэй технологи, монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр сул орон тоо багагүй байна.
Ерөнхий боловсролын салбарт 52884 багш ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар төлөвлөсөн ба эрүүл мэндийн үзлэгт хамрагдалт орон нутагт 53 хувь, нийслэлд 47 хувь байна. Улсын дундаж 48 хувьтай байна.
4. Дүрэм хувцас, сурах бичгээр хангах ажлын явц:
Аймаг, нийслэлийн хэмжээнд албан ёсны 140 борлуулалтын цэгээр дамжуулан, тохирлын гэрчилгээтэй 66 компани сурагчийн дүрэмт хувцсыг борлуулах ажлыг эхлүүлээд байна. 21 аймаг, 9 дүүрэгт нөхөн хангалтын сурах бичгийг хүлээж авах ажлын явц 77 хувьтай байна. Нөхөн хангалтын сурах бичгийг сургуулиудад хүргэх ажлыг шуурхайлах шаардлагатай байна.
5. Хорио цээрийн дэглэмийн үеийн хичээл сургалтад анги танхим, сургууль орчмын бүсийг бэлтгэж байгаа явц:
Наймдугаар сарын 21-ний байдлаар нийт сургуулийн 89 хувь нь 1-2 удаагийн цэвэрлэгээ халдваргүйтлийг хийгээд байна. Есдүгээр сарын 1 гэхэд 3 дахь удаагийн цэвэрлэгээ халдваргүйтлийг бүх сургуульд хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Нийт сургуулиудад суралцагчийн гар угаах нөхцлийг нэмж бүрдүүлж байгаа ба 2160 угаалтуурыг нэмж бий болгосноор нийт угаалтуурын тоо 22124 байна. Нэг угаалтуурт ногдох хүүхдийн тоо урьдчилсан дүнгээр дундаж нь 46 байна.