Яг одоо төв талбай дээр Нийслэл хотоос “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт” зориулсан олон арга хэмжээ болж байна. Талбай тэр чигтээ л эрвээхий, цэцэг мэт хөөрхөн охид хөвгүүдээр дүүрчээ.
Хэдий хүүхдийн инээд хөөр цалигаад сайхан байгаа ч эл өдрийг идэж уух төдийхнөөр л үнэлэж байгаа нь харамсалтай. Хүүхдээ баярлуулах нэрийдлээр эцэг эхчүүд талбай дээр болон талбайн хажуу талын хоёр талд бий болсон бичил захаас болсон болоогүй нь мэдэгдэхгүй хуушуур, хавчуургатай талх, чихэр,жимс авч өгч байгаа харагдана. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүдийг дуртай нэг нь л жижиг кардонон хайрцаг, хуванцар сагс, саванд хийчихсан зарж байхад эдгээрийг хянаж шалгаж байгаа хүн нэг ч алга. Уг нь эрүүл аюулгүй орчинг сайтар хянаж ажиллана гэсэн боловч дээрхи хүмүүсийг лав цагдаж байгаа зүйл огт алга. Мөн зарим эцэг эхчүүд бие засах гэсэн хүүхдээ хаа зогсож байгаа газраа өмд, тирког нь шувтлаад бие засуулж байгаа харагдлаа. Уг нь ингэж болохгүй л юмсан. Энэ чинь хүүхдийн нойл биш шүү дээ…
Ашиг орлого хайсан худалдаачдаас хэний зөвшөөрлөөр яаж зогсож байгаа? Хуушуур сэндвичээ яаж авчирсан ингэж зарж болох талаар асуухад ихэд ундуйцаж, хэлж өгсөнгүй. Үнийн хувьд хуушуур 800 төгрөг, хот дог 1500, шорлог 2500, өндөг хиамтай талх 1000, хүүхдийн нүдний шил 4000, чихмэл тоглоом 8000 төгрөгөөс дээш худалдаалж байв. Бичил захад бараг байхгүй юм гэж алга. Гутал, нүдний шил, хүүхдийн тоглоом, хоол хүнс, бүр сугалаа хүртэл явуулж байна.
Харин эдгээрийг худалдан авч буй иргэдээс “Та хамаагүй зүйл хүүхэддээ идүүлэхээс санаа зовохгүй байна уу? хордлого энэ тэр болвол яах вэ” гэхэд огт ажрах зүйлгүй “Зүгээр байлгүй дээ” гээд л хэлж байх юм.
За иргэд өөрсдөө тоохгүй идэж ууж байгаа юм гэж бодоход хэрэглэсэн зүйлсийнхээ уут савыг талбайгаар энд тэндгүй хаяж, хөглөрүүлсээр л байна. Хөөрхий ТҮК-хэн л араас нь түүж, цэвэрлэж явна. “Жирийн өдрүүдээс хамаагүй их хог гарч байна. Гоё ганган л хүмүүс байх юм. Тэгсэн хирнээ идсэн ууснаа ч аваад явчихаж чадахгүй арчаагүй улс юм аа” хэмээн цэвэрлэгч эгч үглэж явсан юм. Нээрэн л манайхан дэндүү ухамсар дорой нөгөө гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэдэг л үнэн болж.
ugluu.mn