Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, “Хөгжлийн шийдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Хишигсүрэн нар өнөөдөр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
АНУ-ын “Олон улсын хөгжлийн агентлаг”-аас жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зээлжих чадварыг сайжруулах, улмаар ажилгүйдлийг багасгахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд ийнхүү санамж бичиг байгуулж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар инновацын төв, Баянхошуу болон Сэлбэ бизнес инкубатор дэд төвүүдийг түшиглэсэн гарааны болон жижиг, дунд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч нарыг чадавхжуулах сургалт, зөвлөх үйлчилгээ, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг ажлыг хийх юм.
Харилцан ойлголцлын санамж бичиг зурах үеэр нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран гарааны бизнесийг дэмжих төслийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх ажлыг эхлүүлж байна. Энэ хүрээнд хэд хэдэн сургалтуудыг жижиг, дунд бизнес эрхлэгчиддээ оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.
Тухайлбал, төсөл бичих аргачлал, санхүүгийн эх үүсвэрээ хэрхэн олон улсын банк санхүүгийн байгууллагаас татах талаар, мөн компанийн засаглалын чиглэлээр бизнес эрхлэгчдэд сургалт, зөвлөгөө мэдээллийг өгч ажиллана. Эхний сургалтууд ирэх сараас эхлэх бөгөөд Баянхошуу дэд төв болон Улаанбаатар инновацын төвд зохион байгуулагдах юм” хэмээв.
“Хөгжлийн шийдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Хишигсүрэн хэлэхдээ “Бичил, жижиг бизнесийг хөгжүүлэх чиглэлээр бизнес менежмент, маркетинг, нягтлан бодох бүртгэлийн сургалтаас гадна зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой болно. Гарааны бизнес эрхлэгчдэд тулгардаг хоёр асуудал байдаг. Нэгдүгээрт, бизнесийн чадвар, бизнес эрхлэх менежмент, маркетингийн чиглэлийн мэдлэг дутмаг байна. Хоёрдугаарт, санхүүгийн асуудал байдаг. Эдгээр асуудлыг шийдвэрлэснээр гарааны бизнесийг хөгжүүлэх боломжтой” гэдгийг онцоллоо.
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар нь гарааны компаниудыг дэмжих дэд бүтэц, дэлхийн стандартад нийцсэн орчин нөхцөлийг бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр Улаанбаатар инновацын төв, Баянхошуу болон Сэлбэ бизнес инкубатор дэд төвүүдэд инновацын экосистемийг хөгжүүлэхээр зорьж байгаа аж.
“Улаанбаатар инновацын төв” нь 2018 онд байгуулагдсанаас хойш гарааны бизнесийг бойжуулах ажлын хүрээнд зөвлөхийн үйлчилгээ, интернэт, лаборатори, сургалтын танхим, уулзалтын өрөөг ашиглах зэрэг боломжийг бүрдүүлэн 43 гарааны компанийг бойжуулж 100 гаруй ажлын байрыг шинээр бий болгожээ.