2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан Ерөнхий сайд У. Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ.
Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.
МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүүхэд багачууд, сурагч, оюутан, эрдэмтэн, багш сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид, эцэг эхчүүд ээ!
Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон Ерөнхий сайдын хувиар 2020-2021 оны шинэ хичээлийн жилийн мэндчилгээ дэвшүүлье!
Дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч, улс орны өндөржүүлсэн онцгой байдалд дүгнэлт хийж тусгай зохицуулалтаар хичээлийн шинэ жилийг Монгол Улс эхлүүлж байна. Энэхүү нөхцөл байдалтай уялдуулан сургалтын үйл ажиллагааг 3 улиралтай болгон танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрт шилжүүлж, суралцагч, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчдийн хувьд нэн хариуцлагатай хичээлийн жил эхэллээ.
Ардын сургуулийн алтан босгыг анх удаа алхан орж байгаа 83,233 хүүхэд багачууддаа баяр хүргэе!
Цар тахлын улмаас улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн хувьд амаргүй нөхцөлд байгаа хэдий ч Засгийн газраас улс орны тэргүүлэх салбар, ирээдүйн хөгжлийн үндэс суурь болсон боловсролын салбарын төсөв, санхүүжилтийг бууруулахгүй байх зарчмыг хатуу баримтлан 9 дүгээр сарын 1-ний байдлаар шинээр 30 сургуулийн байр, өргөтгөлийг, 45 цэцэрлэгийн барилга, өргөтгөлийг ашиглалтад оруулж, сургуулийн хүүхдийн суудлын тоог 14 мянгаар, цэцэрлэгийн орны тоог 6 мянгаар нэмэгдүүлж, хүртээмж, чанарыг сайжруулахад онцгой анхаарлаа. Энэ ондоо багтааж 31 сургуулийн барилга, өргөтгөл, 41цэцэрлэгийн барилга, өргөтгөл болон сургуулийн 24 дотуур байрыг нэмж оруулахаар ажиллаж байна.
Монгол хүний зан чанар, хүмүүжил, үндэсний түүх, хэл соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, өв уламжлалаа дээдэлсэн дэлхийд өрсөлдөх “Монгол хүн”-ийг бэлтгэхэд боловсролын бодлого, үйл ажиллагааг чиглүүлэхэд гол анхаарлаа хандуулна.
Монголын хүүхэд бүр Монголын минь ирээдүй билээ.
Та нар минь энэ сайхан эх орон, байгалиа хайрладаг, давтагдашгүй арвин түүхт Монгол улсаараа бахархаж, дэлхийд гайхагдсан, эх оронч сэтгэлгээтэй иргэн болж төлөвшөөрэй.
Их, дээд сургуулийн сургалтын чанарыг сайжруулж, чадвартай боловсон хүчин бэлтгэх нь улсын хөгжлийн түлхүүр билээ. Судлаач оюутан, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих замаар үндэсний хэмжээний “Судалгааны их сургууль”-ийг хөгжүүлнэ.
Мөн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр амжилттай суралцагч оюутнуудыг урамшуулан хөгжүүлэх зорилгоор миний бие “Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр”-ийг санаачилж, оюутны хөгжлийн зээлийг эдгээр чиглэлд олгох бодлогыг баримтална.
Өнөөгийн нөхцөл байдалд улс оронд нэн хэрэгцээтэй сувилагч мэргэжлээр суралцагчдын сургалтын төлбөрийг сурлагын амжилтаас хамааруулан 70-100 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэн хэрэгжүүлж эхэлж байна.
Хүүхэд багачууд, оюутан суралцагч, залуучууд аа!
Та бүхэн энэ онцгой цаг үед эрүүл мэнддээ анхаарч “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэсэн ардын сайхан сургаалыг санаж, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхийнхээ үг, зөвлөмжийг даган, биеийн тамираар хичээллэн чийрэгжиж, эрдэм номдоо шамдан суралцаарай.
Эрхэм хүндэт эрдэмтэн багш нараа!
Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан албыг эзэмшигч Та бүхнийхээ хөгжлийн болон нийгмийн асуудлыг дэмжих зорилгоор “Чадварлаг багш” хөтөлбөрийг хэрэгжүүлэн, цалин хөлсийг улсын дунджаас дээш байхаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед хүүхдэд эрдэм ном сургах эрхэм үүргээсээ огтхон ч хөндийрөөгүй хүмүүс бол багш нар, боловсролын салбарт ажиллаж байгаа нийт албан хаагчид Та бүхэн бөгөөд цаашид ч энэхүү хариуцлагатай үүргээ чин сэтгэлээсээ биелүүлнэ гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайд миний бие огтхон ч эргэлзэхгүй байна.
Эрхэм хүндэт эцэг, эхчүүдээ!
“Эрүүл биед саруул ухаан оршино” хэмээн их зохиолч Д.Нацагдорж хэлсэн байдаг. Та бүхэн үр хүүхдийнхээ төлөө нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан, мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийг өдөр тутамдаа хэрэглэж, боловсролын байгууллагатайгаа нягт хамтран, дэмжиж ажиллаарай.
Монгол хүүхэд бүхэн эрүүл саруул байж, инээд баяслаар дүүрэн, эрдэм номоор арвин байх болтугай!
МОНГОЛ УЛСЫН УХНААГИЙН
ЕРӨНХИЙ САЙД ХҮРЭЛСҮХ
2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр
Улаанбаатар хот