Олимпийн аварга Э.Бадар-Ууган, түүний гэргий Х.Азжаргал нарын үүсгэн байгуулсан “Өөжинмед” эмнэлгийн 5 жилийн ой саяхан тохиож, энэ баярын үеэр “Аз жаргалыг энгэртээ тэвэрье” сан байгуулагдсаныг зарлалаа.
“Өөжинмед” эмнэлгийн захирал Х.Азжаргалын санаачилгаар энгэртээ тэврэх бяцхан үртэй болох мөрөөдлөө биелүүлэхэд нь туслахыг зорьсон сангийн нээлт болж, Монголын нэгэн жаргалтай гэр бүлийн мөрөөдлийг биелүүлэх эхлэлийг урлаг, соёл, бизнесийн салбарынхан хамтран тавилцаж, сангийн үйл ажиллагаанд хандив өргөжээ. Үргүйдэлтэй гэр бүлд туслах “Аз жаргалыг энгэртээ тэвэрье” сангийнхан хамгийн түрүүнд “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төвд эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчдээс санхүүгийн хүндрэлийн улмаас эмчилгээгээ цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон хосуудад туслах гэнэ.
Сангийнхаа санаачилгыг дэмжиж “Өөжинмед” эмнэлгийн ажилчид нэг өдрийн цалингаа хандивласан бол “Сити палас”, Эко констракшн, Скайтел групп, Монгол HD телевиз, Глобал ацетлин, И-Март сүлжээ дэлгүүр, “Үнэт продакшн”, “Монгол базальт”, “Непко паблишн”, “Тайёо таун” зэрэг компаниуд энгэртээ үрээ тэврэх эрхэм үйлсийг дэмжин хандив өргөжээ. Мөн Олон улсын олимпийн хорооны шинэхэн гишүүн Б.Баттүшиг, түүний гэргий Н.Цэлмүүн, Монгол HD телевизийн эзэд болох Г.Бат-Эрдэнэ, Ч.Номин нарын гэр бүл, түүнчлэн урлаг соёлын алдартнууд, ойр дотны хүмүүс нь хандивын үйлсэд нэгджээ.
“Өөжинмед” эмнэлэг 5 жилийн ойгоо тохиолдуулан зохион байгуулсан тус хандивын арга хэмжээнд нийт 50 гаруй сая төгрөг цугларчээ.
Аз жаргалыг энгэртээ тэвэрье” сан үр шилжүүлэн суулгах хүсэлтэй хосуудын эмчилгээний зардалд тусална