А. Ариунзаяа: Нийгмийн халамжийн бүх үйлчилгээг цахимд шилжүүлэхэд бусад төрийн байгууллагын оролцоо чухал байна

Нийгмийн халамжийн цахим системийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай ярилцлаа.

-Нийгмийн халамжийн нэгдсэн систем нэвтрүүлж байгаа талаар мэдээллийг иргэд их сонирхож байна. Яг хичнээн төрийн үйлчилгээг цахимаар үзүүлж байна вэ?

-Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд манай яамнаас эхний ээлжинд нийгмийн халамжийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн байгууллагуудад байгаа иргэний мэдээллийг тухайн иргэнээс шаардахгүйгээр төрөөс үзүүлж буй халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг чирэгдэлгүй, шуурхай хүргэх нийгмийн халамжийн нэгдсэн системийг хөгжүүлж, энэ сарын 25-наас нэвтрүүлээд байна.

Манай яамнаас зургаан хуулийн хүрээнд Нийгмийн халамжийн 12 төрлийн багц, түүн дотроо үйлчилгээнийхээ нэр төрөл, хүн амын бүлэг, насны ангилал зэргээр салгаж үзвэл нийт 72 үйлчилгээ үзүүлдэг. Эхний ээлжинд дөрвөн төрлийн багцыг цахимаар авах боломжтой болж байгаа юм. Тодруулбал, халамжийн бусад хөтөлбөрүүдтэй харьцуулахад хамгийн олон хүн хамрагддаг “Насны хишиг”, “Жирэмсэн эхийн тэтгэмж”, “0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж”, “Ихэр хүүхдийн тэтгэмж”, “Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж”, “Алдарт эхийн одонгийн мөнгө тусламж”-ийг цахим системээр дамжуулан олгохоор болсон. Өөрөөр хэлбэл эдгээр 6 халамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа 680 мянга орчим иргэд болон шинээр хамрагдах иргэд цахим системээр дамжуулан үйлчилгээ авах нөхцөл бүрдсэн.

Дээрх халамжийн үйлчилгээнд хамрагдах иргэд ehalamj.mn цахим хуудас, төрийн үйлчилгээний цахим машин “ТҮЦ машин”, ebarimt аппликэйшнийг ашиглан нийгмийн халамжид хамрагдах хүсэлтээ гаргах боломжтой.

Харин энэхүү цахим системийг ашиглан нийгмийн халамжид хамрагдах хүсэлтээ цахимаар гаргах боломжгүй иргэн сум, хороондоо биечлэн очиж хүсэлтээ гаргах боломж нь хэвээр байгаа.

Системийг хөгжүүлэх, нэвтрүүлэх ажлыг манай яам, Сангийн яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв хамтран хэрэгжүүлж байна.

-Эхний ээлжинд зургаан төрлийн тэтгэмжийг цахимаар олгохоор болсон юм байна. Цаашдаа ямар ямар тэтгэмжүүдийг цахим болгох вэ?

-Цаашид нийгмийн халамжийн бусад үйлчилгээг бүрэн цахимжуулах зорилт тавьж ажиллаж байна. Тухайлбал, Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжүүдийг 2021 онд бусад нийгмийн халамжийн хөнгөлөлт, тусламж зэрэг үйлчилгээг 2022 он гэх мэт шат дараалалтай цахим хэлбэрт шилжүүлэх болно. Нийгмийн халамжийн боломжит бүх үйлчилгээг цахимжуулна. Үүний тулд бусад төрийн байгууллагуудын мэдээллийн систем, цахимжуулах үйл явц чухал. Тиймээс нийгмийн халамжийн үйлчилгээ төдийгүй төрийн бүхий л үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхэд олон талын хамтын ажиллагаа маш чухал үүрэгтэй.

-Тэтгэвэр буусан өдрөөс эхлээд ахмадууд банкинд дугаарлаж эхэлдэг. Энэ асуудлыг цахим хэлбэрт хэзээ шилжүүлэх вэ?

-Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа бүх төрлийн тэтгэврийг сар бүрийн эхний таван хоногт иргэдийн дансанд шууд шилжүүлж байгаа. Нийгмийн даатгалын сангаас олгогддог тэтгэвэр, тэтгэмж авагч иргэд банкны цахим карт ашиглан өөрт аль ойрхон бэлэн мөнгөний машинаас (АТМ) тэтгэврийн мөнгөө авах бүрэн боломжтой.

Харин нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авдаг ахмадуудын хувьд тухайн ахмад настан банкиндаа хүсэлт гарган өөрийн нэр дээрх дансаараа авах боломжтой байдаг. Гэхдээ зарим ахмадууд ийм боломж байгааг тэр бүр мэддэггүйгээс нөгөө талаас бэлэн мөнгөөр авах сонирхолтой байдаг учраас банкин дээр очиж дугаарлаж зогсох асуудал байдаг. Хэрвээ таны аав, ээж, эмээ, өвөө банкин дээр очиж дугаарлаад байгаа бол тэдэнд тэтгэвэр, тэтгэмжээ авах банкны данс нээж өгөх, дансыг нь цахимаар холбож өгөхийг залуучууддаа уриалж байна. Цаашдаа дээр дурдсанчлан иргэдэд хүрч байгаа нийгмийн хамгааллын бүхий л үйлчилгээг цахимжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.

Төрийн үйлчилгээг цахимжуулах үйл ажиллагааны хүрээнд холбогдох байгууллагуудтай тэр дундаа банкуудтай удаа дараа уулзаж, санал бодлоо солилцсон. Энэ уулзалтууд маань эхнээсээ үр дүнгээ өгч Төрийн банк ахмад настнуудад тэтгэврийн данс нээх, карт үнэ төлбөргүй олгох, ATM-ээс тэтгэврийн мөнгөө авахад нь шимтгэл авахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэнд талархаж байгаа.

-Цахим шилжилт иргэдэд ямар давуу талыг бий болгож байна?

-Иргэд нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдахын тулд халамж тус бүрд нь баримт материал бүрдүүлэх, зарим баримт бичгийг төрийн бусад байгууллагаас гаргуулж авахаас эхлээд олон бэрхшээл байсан. Мөн халамжийн мөнгөө авахдаа заавал банкинд дараалал үүсгэх, санхүүжилт дууссанаас мөнгөө хугацаандаа авч чадахгүй байх зэрэг хүндрэл чирэгдэл ч байсан.

Харин халамжийн цахим систем нэвтэрснээр заавал нийгмийн халамжийн ажилтад очиж өргөдөл гаргах шаардлагагүй хаанаас ч хүсэлт гаргах боломжийг нээж өгч тэдний цаг зав, хөрөнгө мөнгийг хэмнэж байгаа нь иргэдийн хувьд маш том давуу тал болж байна. Үүнээс гадна өөрийн гаргасан өргөдөл, хүсэлтийнхээ шийдвэрлэлтийн явцад цахим системд нэвтэрч хяналт тавихаас гадна банк харгалзахгүйгээр халамжийн мөнгөө өөрийн дансандаа шууд авах боломжтой.

-Нийгмийн ажилтны хувьд ялангуяа хүн ам ихтэй хорооны хувьд халамж авах иргэдийн хөлд дарагдаж нэлээд ачаалал ихтэй байдаг. Энэ систем нэвтэрснээр халамжийн байгууллага, ажилтны хувьд ямар ахиц, дэвшил гарч байгаа вэ?

-Тухайн орон нутагт оршин сууж байгаа хүн амын тооноос хамаараад сум, хороонд ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудын тоог нэмэгдүүлэх ёстой боловч төсөв хөрөнгөнөөс шалтгаалан чадахгүй байгаа. Хүн ам ихтэй сум, хороонд халамжийн олон нэр төрлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллахад ажлын ачаалал маш их байдаг.Энэ систем нэвтэрснээр тэдний ажлын ачааллыг бууруулна.

Тухайлбал, иргэн цахим системээр хүсэлтээ гаргаснаар үйлчлүүлэх үйлчлүүлэгчийн тоо буурна, иргэдийн цаасаар бүрдүүлж өгдөг баримт бичгийг цахим хэлбэрээр бүрдүүлж авснаар цаасан баримттай ажилладаг цаг хугацаагаа хэмнэнэ. Үүнээс гадна Төрийн сангийн 13 нэгдсэн дансыг ашиглан шууд иргэний дансанд шилжүүлэх боломжтой болсон. Иймд конторт сууж ажилладаг нийгмийн ажилтны ачааллыг буурна гэж үзэж байгаа.

Тиймээс ажилтнууд маань иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх, нөхцөл байдлын үнэлгээ хийх зэрэг халамж шаардлагатай зорилтот бүлгийн өрх, иргэдтэйгээ ойр ажиллах боломж бүрдэх юм.

С.ЛХАМСҮРЭН

Өдрийн сонин

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …