МУ-ын Засгийн газраас эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр Аялал жуулчлалын салбарыг тодорхойлсон. Тэр дундаа Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын төв, Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын төв байхаар тусгасан. Энэ хүрээнд БОАЖЯ-наас Тогтвортой аялал жуулчлалын төслийг дээрх хоёр аймагт Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх болсон юм.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл 2019-2024 онд хэрэгжих Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөлтэй танилцлаа. Төсөл хэрэгжснээр тусгай хамгаалалттай газар нутагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх манай улсын үндсэн загвар бий болох, мөн байгаль хамгаалал, аялал жуулчлал, эдийн засгийн асуудал тухайн орон нутагт цогцоороо шийдэгдэх боломж бүрдэх юм. Энэ ажлын хүрээнд хоёр аймагт байгалийн болон түүхийн дурсгалт газруудыг холбосон авто зам, жуулчдын мэдээллийн төв, төлбөр хураах болон шалган нэвтрүүлэх цэг, олон байршилд жуулчдын авто зогсоол баригдахаас гадна аялал жуулчлалын дэд бүтцийг цогцоор нь хөгжүүлэх юм. Өнгөрсөн оноос эхэлсэн төслийн ажил өнөөдрийн байдлаар 17,8 хувьтай төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Аялал жуулчлал бол Монгол улсыг хөгжүүлэх гол хөшүүргүүдийн нэг. Манай орныг зорих гадны жуулчдын тоог нэг саяд хүргэх, мөн эдийн засгийн 7-9 хувийг аялал жуулчлал дангаараа бүрдүүлдэг болгох том зорилтыг бид тавьсан. Үүний эхлэл нь Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл гэж харж байна. Энэ төслийн жишгээр манай улсын аялал жуулчлалын үндсэн загвар бий болно. Тиймээс төслийн багийнхан энэ үүргээ ухамсарлаж нэгж хэсэг бүрт анхаарал хандуулж сайн ажиллахыг хүсч байна.” гэсэн юм.
Мөн Д.Сарангэрэл сайд төслийн хүрээнд зөвхөн бүтээн байгуулалтаар зогсохгүй аялал жуулчлалын үйлчилгээний асуудал, орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх ажлуудад анхаарал хандуулан ажиллахыг үүрэг болголоо.