Скайтел компани хүний эрхийн боловсролд шинэ технологийг нэвтрүүлнэ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Скайтел компанийн үүрэн холбоо, IPTV, SkyGo зэрэг үйлчилгээгээр дамжуулж Монгол Улсад хүний эрхийн түгээмэл соёлыг төлөвшүүлэх, иргэд, олон нийтийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулах зорилгоор “Скайтел” ХХК-тай хамтран ажиллах Санамж бичгийг 2020 оны 09 дүгээр сарын 04-нд байгууллаа.

Талуудыг төлөөлж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, “Скайтел” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Нарантуяа нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Санамж бичгийн хүрээнд “Скайтел” компани нийгмийн хариуцлагын хүрээнд ХЭҮК-той хамтран “Скаймедиа” үйлчилгээний видео санд хүний эрхийн чиглэлээрх баримтат болон уран сайхны киноны тусгай сан бүрдүүлж, сурталчлах; “Скаймедиа” үйлчилгээний Boot Screen-д “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”, “Тогтвортой хөгжлийн зорилтууд” зэрэг агуулгаар бэлтгэсэн цуврал зурагт хуудас, баннерыг байршуулж, хэрэглэгчдэдээ хүргэх; ХЭҮК-ын бэлтгэсэн хүний эрхийн чиглэлээрх видео хичээлүүд, шторкийг “Скаймедиа” үйлчилгээний видео санд байршуулж, олон нийтэд нээлттэй түгээх юм.

Харин Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс хүний эрхэд суурилсан байгууллагын соёлыг төлөвшүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор “Скайтел” компанийн удирдлага, ажилтнуудад хүний эрх, эрхэд суурилсан хандлага, хөдөлмөрлөх эрх зэрэг хүний эрхийн асуудлаар ажлын байрны сургалт зохион байгуулж, хүний эрхийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулна.

Талууд хамтын ажиллагааны хүрээнд Хүний эрхийн олон улсын өдөр зэргийг тохиолдуулан олон нийтэд хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор хүний эрхийн лекц, семинар, өглөөний уулзалт, хэлэлцүүлэг зэрэг олон талт сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулж, иргэд, түүний дотор өсвөр үе, залуучуудыг өргөнөөр татан оролцуулахаар төлөвлөөд байна.

Ингэснээр “Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна” гэсэн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл санааг бодитоор хэрэгжүүлж, хүн бүр эрхээ мэддэг, шаарддаг, баталгаатай эдэлж чадавхыгг бэхжүүлэх үйлсэд Монгол Улсын үүрэн холбоо, дижитал технологийн тэргүүлэгч “Скайтел” компани томоохон хувь нэмэр оруулж, анхдагч болж буйд талархаж байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …