Зэвсэгт хүчний агаарын цэргийн 2019-2020 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу Агаарын цэргийн нэгдсэн тактикийн хээрийн сургуулийг Говьсүмбэр аймагт зохион байгууллаа.
Дээрх сургуулийг Агаарын цэргийн анги, салбарын үүрэг гүйцэтгэх бэлтгэлжилт, жигдрэлтийн түвшинг үнэлэх, агаарын цагийн байдлын тухай мэдээ, мэдээллийг боловсруулах, дамжуулах, автоматжуулсан хэрэгслийн ажиллагааг турших, болзошгүй нөхцөлд анги, салбар, экипажийг сурган дадлагажуулах зорилгоор зохион байгуулсан бөгөөд агаарын цэргийн 400 гаруй цэргийн алба хаагч, тодорхой тооны зэвсэг, техникийг татан оролцуулсан.
Энэхүү сургуулиар стратегийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байгаа Хуурай замын цэргийн бүлэглэлийг агаараас халхлах, дэмжлэг үзүүлэх зорилгоор Агаарын цэргийн бүлэглэлийг байгуулж, удирдлагыг төвлөрсөн бус хэлбэрээр зохион байгуулан, бие даан үүрэг гүйцэтгэх боломжийг туршсан нь ач холбогдолтой байлаа гэдгийг албаныхан онцолсон.
Түүнчлэн сургуулийн явцад Агаарын цэргийн бүлэглэл, Радиотехникийн батальон, ротын командын байрнаас дадлагуудыг “Цуурай”, “S-100” автомат төхөөрөмжүүдийг ашиглан явуулж, үр дүнг уламжлалт мэдээ дамжуулах аргатай харьцуулан туршсанаар агаарын цагийн байдлын тухай мэдээг боловсруулах ажиллагааг бүрэн автоматжуулах нь боломжтой гэдгийг баталсны зэрэгцээ нисэх багийн бүрэлдэхүүн нисдэг тэргээр “Хайрцаг нислэг”, “Маршрутын нислэг”, “Дүүжлүүр ачаатай нислэг”, “өдөр, шөнийн нислэг”, талбай сонгон буух нислэг, эмнэлгийн татан гаргалтын нислэг зэрэг мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан дадлагуудыг амжилттай гүйцэтгэснээр сургуулийн ач холбогдол, цаашдын хэрэгцээ шаардлагыг бие бүрэлдэхүүнд илүүтэй таниулж өгсөн юм.
Аливаа сургуулийн үед залуу үеийнхэн нь ахмадуудаасаа номын дуу сонсож, танхимаас олохгүй мэдлэг, дадлагыг хуримтлуулдгаараа онцлогтой. ОХУ-ын Агаарын цэргийн академид суралцаж буй сонсогч нарын хувьд онолын мэдлэгээ бататгах, ур чадвараа ахиулах, туршлага судлах зэргээр үр өгөөжийг нь чамгүй хүртсэнд энэхүү сургуулийн олон талын ач холбогдол оршиж байв.
Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн захирагчийн нислэг эрхэлсэн нэгдүгээр орлогч, эскадрилийн захирагч, хурандаа Н.Баясгалан хэлэхдээ Зэвсэгт хүчний нисгэгчид нислэгээр төрөл бүрийн дадлагуудыг амжилттай гүйцэтгэлээ. Зарим алба хаагч болон ОХУ-д суралцаж буй сонсогч нар нислэгийнхээ завсардлыг арилгасан нь нэн ач холбогдолтой юм. Нисгэгчид анги салбаруудын хээрийн аэродромуудаас нислэг үйлдэж байгаа нь Агаарын цэргийн анги, салбаруудтайгаа түлхүү танилцахаас гадна харилцан ажиллагааг маш сайн идэвхжүүллээ гэж бодож байна. Тухайлбал, нислэгийн удирдагч, сургуулийн удирдлага, Иргэний нисэхийн онгоцны буудлууд зэрэгтэй холбоогоор хэрхэн яаж холбогдох талаар нэг бүрчлэн дадлагажсан хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа.
Нэг курсээс төрсөн зургаан хурандаагийн дөрөв нь энэхүү сургуульд оролцохоор ирсэн байв. Тодруулбал, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Б.Баярсайхан, Агаарын довтолгооноос хамгаалах хэлтсийн дарга, хурандаа Э.Батсайхан, Агаарын цэргийн төв командын байрны дарга, хурандаа Д.Батмөнх, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн штабын дарга, хурандаа Э.Төмөр нар 1992 онд ҮХБИС-д элсэж, 1996 онд радиотехникийн мэргэжлээр төгссөн нэг оны, нэг курсынхан. Сонсогчийн ширээнээс салж, хувь, хувьсгалын гээд тус тусын алба, амьдралаа хөөх болсон тэдэнд нэг дор ингэж цуглах өдөр жилдээ цөөн тохиодог аж. Харин ийм нэгэн тохиолоор тэд уулзалдаж, сонсогч үеийнх шигээ хамт үүрэг гүйцэтгэж, дурсамж, дурдатгалаа сэргээн цухас хөөрөлдсөн юм.
Сургуулийн төгсгөлд Агаарын цэргийн нэгдсэн тактикийн хээрийн сургуулийн удирдагч, Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Батбаяр бие бүрэлдэхүүнд хандан сургуулийн явцад хөдөлмөр хамгааллын дүрмээ чанд баримтлан осол зөрчилгүй үүргээ гүйцэтгэсэн нь том амжилт гэдгийг цохон тэмдэглээд “Хүндэрсэн нөхцөлд бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор төрөл бүрийн цагийн байдлуудыг үүсгэн дадлага, сургуулийг аль болох бодит байдалд ойртуулахыг хичээсэн. Мөн энэхүү сургуулиар анх удаа ХЗЦК-ын харьяа 336 дугаар ангитай харилцан ажиллагааг зохион байгуулснаараа онцлог байлаа” гэв.
Агаарын цэргийн нэгдсэн тактикийн хээрийн сургуулийн удирдагч, Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Батбаяр сургууль өмнөө тавьсан зорилго зорилтоо бүрэн хангасан гэж үзээд сургуульд оролцсон бие бүрэлдэхүүнд болон тус сургуульд дэмжлэг үзүүлсэн Зэвсэгт хүчний 011, 013, 014 дүгээр ангийн удирдлага, хамт олонд Агаарын цэргийн командлагчийн зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэн Агаарын цэргийн зарим албан тушаалтангуудад албан даалгавар, үүрэг чиглэл өглөө.
АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ