Нийслэлийн Онцгой комисс өчигдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав.
Мөн хуралдаанаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан толгойн зүүн хэсгийн 17 хотхоны 1700 гаруй айл өрхийн дулаан хангамжийн асуудал болон Сэлбэ дэд төвийн 28мВт дулааны станцын ажлын явцын талаар хэлэлцсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад холбогдох мэргэжлийн байгууллагууд анхаарч ажилла. Сэлбэ дэд төвийн дулааны станцын барилгын ажлыг эрчимжүүлэхэд шаардлагатай байгаа хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэж ажиллах нь зүйтэй. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн зүүн хэсгийн 1700 гаруй айл өрхийг дулаан эрчим хүчээр хангаж, дулааны алдагдалгүй өвөлжих нөхцөлийг бүрдүүлэхэд холбогдох мэргэжлийн байгууллагууд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Дулаан түгээх чинь өөрөө хуультай. Дулааны сүлжээ байгууллагууд өдөр, шөнөгүй ажиллаж, засвар үйлчилгээгээ үзүүлчихээд эргээд өнөөдөр 9 дүгээр сарын 15-наас эхлээд дулаан өгөх гэхээр дунд нь дахиад борлуулдаг байж таарахгүй. Олон түмэнд дулаан түгээнэ гэж авчихаад дунд нь бизнес хийдэг энэ байдлаа одоо зогсоох хэрэгтэй. Шаардлагатай бол хуулийн байгууллагад хандах нь зөв. Ард иргэдийн гудамж талбайгаар олон түмэнд дулаан түгээнэ гэж шугам татчихаад дулаанаа түгээхгүй гэж байгаа аж ахуйн нэгж байвал Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Захирагчийн ажлын алба энд хатуу хариуцлага тооцож ажилла. Өнөөдрөөс эхлэн айл өрхүүдийг дулаанаар хангах ажил эхэлж байна. Дулаан түгээлттэй холбоотой гарч буй хүндрэл бэрхшээл юу байгаа талаар холбогдох мэргэжлийн байгууллагууд олон нийтэд нээлттэй мэдээлж ажиллах хэрэгтэй” гэв.
Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд явагдсан “Яндангаа хөөлье” сарын аяныг 10 дугаар сарын 15-ныг хүртэл дахин нэг сарын хугацаанд сунгаж, гэр хорооллын айл өрхүүдэд зуух, яндан, пийшингийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж, мэдээллийг хүргэж, ажлаа эрчимжүүлж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.