ШУА-ийн Философийн хүрээлэнгийн санаачилгаар“Монголын философичдын өв” цувралыг хэвлүүлж олны хүртээл болгож байна. ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлөөс тус цувралын эхний дугаарыг Хэнтий аймгийн Батноров сумын харъяат философийн ухааны доктор, профессор Д.Дашжамцын /1930-2020/ мэндэлсний 90 жилийн ойд зориулан хэвлүүлэх шийдвэр гарч, 2020 оны 9-р сарын 23-ны өдөр тус номын нээлтийг зохион байгууллаа.
Номын нээлтэд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, ШУА-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч академич Г.Чулуунбаатар, Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн багш, доктор, профессор, бэлтгэл хурандаа А.Сүхбаатар, философийн шинжлэх ухааны доктор, профессор Б.Даш-Ёндон, профессор А.Жамбал нар дурсамжийн үг хэлэв.
Д.Дашжамц нь 1953 онд Хэнтий аймгийн дунд сургуульд багшаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, Монгол Улсын дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт 60 орчим жил үр бүтээлтэй ажилласан юм. 1958 оноос хойш Монголын шинэ түүх, түүхэн бие хүний намтар судлал, ёс зүй, нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүхийн чиглэлээр эрдэм шинжилгээний бүтээлүүд туурвин нийтлүүлжээ. Тэрээр ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн үндэс суурийг тавилцаж, хүрээлэнгийн анхны захирлын үүрэг гүйцэтгэгч, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, орлогч захирал, салбарын эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтнаар тус тус ажиллаж байсан юм.
“Монголын философичдын өв” цувралын эхний дугаарт Д.Дашжамцын 1968 онд бичиж хэвлүүлсэн “Монголын ард түмний ёс суртахууны хүмүүжлийн дэвшилт уламжлалаас”, 1970 оны “Монгол дахь дэвшилт ардчилсан үзэл санааны хөгжлийн асуудал”, 2009 оны “Монголын ёс зүйн сэтгэлгээний түүх” зэрэг бүтээлийг нь эмхэтгэжээ.
Энэхүү үйл ажиллагааг Д.Саруул-Оюун захиралтай СЭТ импэкс ХХК ивээн тэтгэж зохион байгууллаа.