Z үеийнхний[1] хамгийн том нь одоо 20 нас хүрч байна. Эдүгээ “цахим” хүүхдүүд эцэг, эхчүүдэд гайхшрал, түгшүүрийг төрүүлсээр байна. Яагаад тэд цахим төхөөрөмжүүдийг номноос илүүд үзэх болов? Цахим ертөнцөөс хараат байдгаас нь болгоомжлох хэрэгтэй юу? Анхаарал дутагдах синдром хэрхэн үүсдэг вэ? Энэ талаар Олон улсын гэр бүлийн сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн (IFTA) гишүүн, Оросын Эдийн засгийн их сургуулийн Шинжлэх ухаан, судалгааны институтийн “Гэр бүлийн системтэй сэтгэл зүйн эмчилгээ” хөтөлбөрийн удирдагч Анна Варгагийн HBR сэтгүүлд өгсөн ярилцлагыг сонирхуулья.
Ямар асуудал орчин үеийн эцэг, эхчүүдийн санааг зовоож байна?
Асуудал янз бүр. Гэхдээ мөн чанар нэг. Хүүхэдтэйгээ харилцахад, ойлголцоход, хяналт тавихад хэцүү болсон. Энэ асуудал бүх цаг үед байсан ч өнөөдөр хамгийн хурцадмал хэлбэртэй болсон. Яагаад гэвэл эцэг эх ба хүүхэд өөр өөр үед хамаараад зогсохгүй харилцааны системийн өөр өөр нөхцөлд амьдарч байна. Хүүхдийн амьдрал компьютерын ертөнцөд бүрэн харьяалагддаг. Харин ээж, аав нар заримдаа ном тулгаж “зөрүүдэлнэ”.
Тэгвэл яах вэ? Хүүхдийг хүчээр уншуулах уу?
Мэдээж үгүй. Тэд унших ч үгүй. Хүчээр тулгах нь утгагүй бөгөөд маргаан л үүсгэнэ. Хүн төрөлхтний нийгэмд үе үе харилцааны технологийн өөрчлөлт явагддаг. Энэ бол зүй ёсны үйл явц бөгөөд бид одоо ийм нэгэн том өөрчлөлтийн эхэнд байна. Мэдээлэл хүлээн арга хэлбэр (Stimulus modality) өөрчлөгдсөнөөр хүүхдүүд мэдээллийг уншиж биш, үзэж хүлээн авч байна. Унших үед хүн уншиж буй зүйлээ дотроо төсөөлж, дүрсэлдэг бол үзэж буй тохиолдолд төсөөлөх шаардлагагүй. Хүлээж авсан дохио тархины дагзны хэсэгт шууд очно. Энэ бол тэс өөр. Өнөөгийн хүүхдүүд цоо шинэ харилцааны системийн соёлд хамаарч байна. Эцэг, эхчүүдийн хийж чадах зүйл бол хүүхдүүд дэргэд нь байх дуртай байгааг ашиглаад өөрсдөө ном сайн унших. Эсвэл хүүхэддээ аудио ном өгч болно.
Харилцааны системийн соёл гэдгийг хэрхэн ойлгох вэ?
Торонтын Харилцааны их сургуулийн судлаачдын үзэж буйгаар харилцааны технологийн хэв маяг нь соёл болон хүний сэтгэлгээг тодорхойлж өгдөг. Жишээ нь, Дундад зууны хүн Шинэ үеийн хүнээс ертөнцийг төсөөлөх байдал, үнэт зүйлээрээ ялгаатай. Бид нийгмийн амьтан учраас ухамсар маань нийгмийн байгууламжаас хамаардаг. Харин нийгэм өөрөө хүмүүс хоорондоо хэрхэн харилцан үйлчилж буйгаас хамаардаг. Харилцааны шинэ арга, хэлбэр бий болох нь бие хүн, соёл, нийгэм хүчтэй өөрчлөгдөхөд хүргэдэг. Судлаачид харилцааны технологийн хөгжлийг аман, бичгийн, сонсгол-хараа зүйн гэсэн гурван үе шатад хуваадаг. Жишээ нь, Дундад зуунд хүмүүс харилцаандаа хэл яриа, сонсгол ашигладаг байсан бөгөөд нэг нэгнийхээ хэлийг ойлгох нь хамгийн чухал байв. Ийм нийгэмд “Хүүхэд нас” гэсэн нийгмийн ангилал байгаагүй. Хүүхэд таван нас хүрээд явж, ярьж сурангуутаа нийгмийн бие даасан гишүүн болдог байв. Түүнийг насанд хүрсэн хүнээс ялгаагүй тэжээнэ, хувцаслана. Тэр өсч томроод хүчтэй болох ёстой бөгөөд түүнд өөр ямар ч “хөнгөлөлт эдлүүлэхгүй”.
Тэгвэл орчин үеийн ойлголтоор хүүхэд нас хэдийд үүсэв?
Хүүхэд нас ба насанд хүрэх тухай үзэл санаа ном хэвлэдэг болсон цагаас эхлэлтэй. Хүн эхлээд бичиг үсэг тайлагдах хэрэгтэй болж, энэхүү мэдээллийн тэсрэлт хүмүүсийг номноос мэдээлэл авч чаддаг ба чаддаггүй гэсэн хэсэгт хуваасан. Хүүхдийг насанд хүрсэн жижигхэн хүн гэж үзэхээ больж, тусгай байдлаар хүмүүжүүлдэг болжээ. Хүүхэд насанд хүрэхийн тулд зүтгэл гаргах хэрэгтэй болж, харин хүүхэд өсгөх, хүмүүжүүлэх нь эцэг, эхийн үүрэг болсон. Сайн хүүхэд, сайн эцэг, эх гэж хэн болох, хүүхдийг юунд сургах, яавал шагнаж, яавал зодож болох талаар тодорхой төсөөлөл нийгэмд төлөвшсөн. Фрэнсис Бэрнэтийн “Бяцхан ноён Фонтлерой” (Little Lord Fauntleroy) романыг уншаарай. Тэр номонд энэ тухай зөндөө бичсэн. Иймэрхүү байдалтай 300 жил өнгөрсөн.
Тэгвэл мэдээллийн эринд хүүхэд нас юу болж орхив?
Бид дүрслэн бодох аргаас аажмаар татгалзаж, харааны регистрт шилжиж байна. Харахад суралцах шаардлагагүй учраас хүүхэд нас, насанд хүрэх тухай ойлголт дахиад бүдгэрч байна. Түүнчлэн сайн хүүхэд гэж хэн болох, хүүхдийг юунд сургах тухай стандарт арилж байна. Мэдлэгийн хэмжээ маш их болж, хүн төрөлхтний хуримтлуулсан мэдээлэл болгоныг мэдэх боломжгүй болсон.
Тийм болохоор л сурагчдын аав, ээж нар хүүхдийн анхаарал дутагдлын синдром, хэт идэвхжлийн талаар ярьж байна. Хүүхдүүд төвлөрөхөө больж, өмнөх шиг мэдээллийг их хэмжээгээр эзэмших чадваргүй болсон гэж.
Энэ тийм биш. Хэргийн учир нь сургуулиуд мэдээллийг хүүхэд эзэмшиж чадах хэлбэрт нь хувирган өгч чадахгүй байна.
Хэргийн учир нь сургуулиуд мэдээллийг хүүхэд эзэмшиж чадах хэлбэрт нь хувирган өгч чадахгүй байна.
Өөрөөр хэлбэл, асуудал хүүхдэд биш, сургуульд байгаа хэрэг үү?
Мэдээж тийм. Сургуулиуд орчин үеийн хүүхэд, түүний амьдрах нийгмийн хэв маягт бэлэн биш байна. Сургууль урьдын адил хүүхдийн тархинд тодорхой хэмжээний мэдээллийг чихэж өгөх гэж оролдоод байна. Үүний оронд хүүхдийн хамгийн сайн эзэмшиж болох мэдлэгийн хүрээ (Competence), арга зүйд сургаж, түүнийг хүүхдүүд ашиглан өөрөө мэдлэг хуримтлуулах байдлаар явах хэрэгтэй. Зарим дэвшилтэт сургууль аливааг цээжлүүлэх гэж зүтгэдэггүй бөгөөд хүүхдүүдийн дунд хэлэлцүүлэг өдөөж, тоглоом болон цахим хичээлийг ашиглаж, хүүхдүүд өөрсдөө илтгэл, презентаци бэлддэг. Анхаарал дутагдлын синдром бол орчин үеийн хүүхэд ахмад ба шинэ үеийн хоорондох зайнд уначихсаны үр дагавар юм. Тиймээс өнөөгийн томчууд хүүхдийнхээ ирээдүйд их түгшиж байгаа.
Тэгсэн ч олон аав, ээж хүүхдээсээ хичээлийн ирц, дүн шаардаж, харин хүүхэд нь сургуульд явах ямар ч сонирхолгүй болж байна.
Сургууль хүүхдээс “албан ёсны” анхаарал шаарддаг ч хүүхэд үүнд бэлэн биш байна. Хүүхдийн анхаарал тэр чигээрээ зурагт, компьютер, төрөл бүрийн цахим төхөөрөмжийн дэлгэцэнд төвлөрсөн.
Тэгэхээр ширтээд байгаа дэлгэцнээс нь холдуулах уу?
Үгүй. Хүүхдийг түүний “албан бус” анхааралд нь суурилж сургах хэрэгтэй. Энэ бол объектив хүчин зүйл бөгөөд та юу ч өөрчилж чадахгүй. Шинэ үеийн багш нар л шинэ аргаар, тохиромжтой аргаар хичээл заах болов уу. Одоохондоо хүүхдүүд өөрсдийнх нь харилцах, мэдээлэл авах аргад тохиромжгүй системд суралцахаас өөр аргагүй болж байна. Өнөөгийн сурагч өдөр бүр гэрээсээ гарч тэс өөр ахуй, тэс өөр ертөнцөд орж байгаа учраас эцэг, эхчүүд үүнд нь туслах хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд сургуулиуд ийм нөхцөл байдалд хүчрэхгүй гэдгээ мэдэж байгаа учраас хүүхдэд гэхээсээ илүү эцэг, эхэд нь их даалгавар өгдөг болсон.
Гэрийн даалгавар бол тусдаа сэдэв. Томчууд ч зарим даалгаврыг хийж чадахааргүй болсон. Энэ зүгээр үү?
Хэргийн учир гэрийн даалгаварт бус харин сургууль өөрийнхөө асуудлыг шийдэхийн тулд эцэг, эхчүүдийг оролцуулах гэж оролдож буйд бий. Үүнд зөв өнцгөөс хандах хэрэгтэй.
Зөв гэдэг нь?
Хүүхдийн талд байж, хичээлд нь тусалж, сургуульд олон жилийг үр дүнгүй өнгөрөөсний дараа хүүхэд өөрийн сонирхлыг олж, “албан ёсны” анхаарлаа хөгжүүлнэ гэж найдах л үлдэж байна.
Онц дүнг мартах ёстой гэсэн үг үү?
Хэрэв аав, ээж нар гэртээ, багш нар сургууль дээрээ хүүхдүүдтэй тэмцэлдсэн хэвээр байвал хүүхэд анхаарал дутагдлын синдромтой болоод зогсохгүй, танин мэдэхүйн сэдлээ гээх аюултай. Хүүхдүүд бол бяцхан харь гаригийнхан. Өнөөдөр чухам тэд л үсрэнгүй дэвшлийн хурц өнцөг рүү явж байгаа учраас дэлхий ертөнц тэдэнд зохицох ёстой болж байна. Өмнөх үеийнхэн дараагийн үедээ юу ч өгч чадахааргүй нөхцөл байдал бий болсон. 10-20 жилийн дараа үе хоорондын ялгаа арилах ч ойрын жилүүд маш хүнд байх болно.
Хүүхдүүд бол бяцхан харь гаригийнхан. Өнөөдөр чухам тэд л үсрэнгүй дэвшлийн хурц өнцөг рүү явж байгаа учраас дэлхий ертөнц тэдэнд зохицох ёстой болж байна.
Жишээ нь, 13 настай үеийн эцэг, эх 13 настай өнөөгийн хүүхдээсээ юугаар ялгаатай вэ?
Өнөөгийн хүүхдүүдийн нийгэмшил интернэтэд явагдаж байгаа бол эцэг, эх нь хүүхэд байхдаа бие биетэйгээ нүүр тулан харилцдаг байсан.
Өнөөдөр хүүхдүүд гадаа бараг тоглохоо больж, хашаа хоосорсон. Ийм байхад яаж нүүр тулж харьцах уу?
Орчин үеийн дэлхий ертөнц томчуудад айдас төрүүлж байгаа ч энэ нь аюул бодитой гэсэн үг биш. Нүүр тулан харилцах тал дээр зуны амралтаар эцэг, эхтэйгээ аялалд явахдаа, зусланд гарахдаа, эсвэл багийн спортоор хичээллэхэд л тийм боломж гарч байгаа. Гэхдээ цахимаар харилцах нь тэдэнд илүү таалагддаг. Үүнд түгшээд байх хэрэггүй.
Интернэтэд аюултай зүйл багагүй биз дээ?
Өмнө нь хүүхэд шөнө болтол гэртээ ирэхгүй, муу хүмүүстэй найзлаад байна гэж эцэг, эхийн санаа зовдог байсан. Харин одоо сэтгэл зүйн хувьд энэ айдсыг интернэт орлож байна. Мэдээж эцэг, эхийн хяналт, хязгаарлалт тодорхой түвшинд байх ёстой. Шөнө интернэт хэрэглүүлэхгүйн тулд провайдартай тохирч, сүлжээнд шүүлтүүр тавьж болно.
Цахим харилцаанд ч бас аюул бий. Олон нийтийн сүлжээнд Степа нэртэй хүүг найзууд нь “жижигхэн” гэж хочлоод байхаар нь ээж нь хүүгийнх нь профайлд лайк дарахыг танилуудаасаа гуйж, тэгээд Степа олонд танил болсон түүх байдаг. Тэр ээж зөв алхам хийсэн үү?
Мэдээж. Хүүхдэд туслах хэрэгтэй. Ээж хүүхдэд нь хэрэгтэй байгаа харилцааны хэв маягийг ашигласан. Хүүхдийн харилцаанд асуудал гарвал эцэг, эх нь оролцдог. Өмнө нь туслах хэлбэр нь өөр байсан болохоос. Өмнө нь ээж хүүхдийнхээ найзуудыг гэртээ урьж, амттанаар дайлж, аав нь хөл бөмбөг тоглохыг урьдаг байсан жишиг бий. Харин өнөөдөр интернэт дэх хуудсаа хэрхэн сайжруулах, яаж видео илтгэлийг сайн хийх талаар хүүхэдтэй зөвлөлдөх байдлаар тусалж болно. Интернэтэд төрөл бүрийн цахим бүлэг мянга мянгаараа бий. Хүүхдэдээ тохирохыг олох нь л чухал.
Олон нийтийн сүлжээнд хүүхдүүд бүдүүлэг хараалын үг хэрэглэх нь цөөнгүй. Үүнийг яах уу?
Эцэг, эх, багш нар үүнээс маш их болгоомжилдгийг би өөрийн ач нарын жишээн дээр мэднэ. Гэхдээ хорисноор үр дүнд хүрэхгүй. Томчууд ч ялгаагүй өөр хоорондоо хараалын үг хэрэглэдэг байсан. Харин өнөөдөр хүүхдүүд олон нийтийн сүлжээнд харилцаж, түүнийг нь эцэг, эх нь уншиж байгаад ялгаа буй. Өсвөр насныхан ямар нэг байдлаар бусдынхаа анхаарлыг татахыг оролддог бөгөөд тэр дунд бүдүүлэг хараал хэлэх хүүхэд заавал олддог. Үүнд яаж хандах вэ гэж үү? Тайван хандах хэрэгтэй. Ер нь цахим орчин дахь харилцаа нилээд хатуу. Тиймээс ихэнх тохиолдолд бичсэн үгний эзэнг мэдэх боломжгүй.
Олон хүүхэд олон цагаар интернэтэд байдаг. Цахим хамаарлыг (Internet addiction disorder) хэрхэн таних вэ?
Хэрэв хүүхэд тань утаснаасаа салахгүй, түүнийг нь авчихвал огцом уурлаж, хямарч байвал энэ нь хамаарал юм. Өрөөнөөсөө гарахгүй, хаалгаа түгжчихдэг, хоолыг нь үүдэн дээр нь орхихоос аргагүй болсон хүүхдүүдэд ийм шинж тэмдэг илэрдэг. Мэргэжлийн хүнээс туслалцаа авах хэрэгтэй. Хэрэв хүүхэд сургуульдаа хэвийн явж, хичээлээ ойлгож, гэрийнхэнтэйгээ харилцаж, үлдсэн хугацаанд компьютертэй байдаг бол айх зүйлгүй, өнөөдрийн хэмжүүрээр энэ бол хэвийн.
Хэрэв хүүхэд тань утаснаасаа салахгүй, түүнийг нь авчихвал огцом уурлаж, хямарч байвал энэ нь хамаарал юм.
Компьютертай ойр нөхөрлөхийг тэвчих эцэг, эх тийм олон биш болов уу?
Тийм хүмүүст хүүхдээ хүмүүжүүлэхэд хэцүү л байх болно доо. Эцэг, эх бол хүүхдээ энхрийлж, тайвшруулж, дэмжиж байх учиртай хүмүүс. Хүүхэд интернэтээс үүнийг олохгүй. Хэрэв дэмжихийн оронд зааварлаж, зэмлэж, хашгирч, шийтгээд байвал буруудна.
“Цахим” хүүхдийн эцэг, эх өөр юунд суралцах хэрэгтэй вэ?
Орчин үеийн хүүхдэд шийтгэл бараг нөлөөлөхөө больсон. Тиймээс хүүхэдтэйгээ сэтгэл хөдлөлийн холбоос үүсгэх хэрэгтэй. Эцэг, эхийнхээ сэтгэл зүйн эерэг уур амьсгалд байгаа хүүхэд түүнээ алдахаас айдаг. Энэ л гол хөшүүрэг. Өөр хөшүүрэг байхгүй.
Өнөөдөр чинээлэг айлын хүүхэд хүссэн бүхнээ авч байна. Энэ нөхцөлд түүнийг амжилтанд яаж сэдэлжүүлэх вэ?
Энэ адармаатай асуудал. Ядуу гэр бүлд өссөн, дараа нь баян болсон үйлчлүүлэгчид надад бий. Тэдний хувьд хүүхэд нь сэдэлтэй, амжилтанд хүрэх тэмүүлэлтэй байх ёстой гэж үздэг. Гэтэл хүүхдэд нь үнэндээ ийм зүйл онцын хэрэггүй. Сонирхол төрүүлэхийн тулд “Шахалтын өдөөгч”-ийг үүсгэх хэрэгтэй.
Тэр нь юу вэ?
Хүүхдийн хүслийг хэлсэн даруйд нь биелүүлэх хэрэггүй. Хэрэгцээ өөрөө хэлбэржих ёстой. Хүүхэд тэртээ тэргүй цахим ертөнцөд амьдарч буй учраас утсыг нь булааж аваад нэмэргүй. Гэхдээ өөр зүйлээр дарах ч шаардлагагүй. Тодорхой насанд хүрээд хүүхэд өөрөө мөнгө олж чадна. Тиймээс ийм боломжийг түүнд өгч, заримдаа шаардах хэрэгтэй. Мөнгө хэдийнэ хангалттай байгаа гэр бүлд ийм арга хэрэглэдэг. Эцэг, эх нь баян, ядуу эсэхээс үл хамаарч амралтаараа бүгд цагийн ажил хийх ёстой.
Эцэг, эх нь баян, ядуу эсэхээс үл хамаарч амралтаараа бүгд цагийн ажил хийх ёстой.
Чинээлэг эцэг, эх хүүхдээ цагийн ажил хийлгэхэд бэлэн гэж үү?
Тийм. Бид хүүхэд хаана, хэзээ мөнгө олох талаар нарийн хөтөлбөр боловсруулдаг. Хамгийн сүүлийн үеийн гар утас авахыг хүсээд байгаа бол хөдөлмөрлөг. Зарим хүүхэд бүр эцэг, эхийнхээ, хамаатныхаа, танилынхаа компанид ажилладаг, заримдаа гэрийн ажил хийж мөнгө олдог. Жаахан хүүхэд ч эмээдээ тусалж, аяга угаагчид заваан савнуудыг хийж, гаргаж, аавтайгаа хамт ээждээ бутерброд хийж чадна. “Таньд би ямар нэгэн зүйл өгснийхөө оронд таниас бас нэг юм авч байна” гэсэн солилцооны үзэл санааг хүүхэд ойлгох хэрэгтэй.
Онцын сонирхолгүй хүүхдийг зорилго тавьж, түүндээ хүрэхэд хэрхэн сургах вэ?
Ямар нэгэн хэрэгцээ байгаа цагт зорилго бий болдог. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн юм дутагдах хэрэгтэй. Одоо хүүхэд нас, насанд хүрэх гэсэн ойлголт бараг арилсан учраас хүүхдүүд оройтож насанд хүрч байгаа. Орос шиг цэрэг дайны идэвхитэй бодлого явуулдаг орнуудад цэрэгт явах гэдэг айдас байгаагүй бол хүүхдээ тайван орхиход болно. Хэрэв хүүхэд сургуулиа төгсөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол ажил хийг. Хийх зуураа юу хийхээ ойлгоно. Сургуульд байхдаа бас янз бүрийн боломжийг туршиж үзэх хэрэгтэй. Хөл бөмбөгчин болох гээд бүтээгүй бол хаячих. Роботын техник гэж гоё ажил байна. Таалагдахгүй бол цаашаа ахиад яв. Хүүхдийн тань найзууд юу сурч, эзэмшиж байгааг ажиглахад илүүдэхгүй.
Хамгийн чухал нь сэтгэлдээ таарсан зүйл хийх хэрэгтэйг хүүхдэд тайлбарлах. Үлдсэн бүгдийг хүүхэд өөрөө хийнэ.
Z үеийнхэн Y үеийнхнээсээ[2] тоогоор илүү юм шиг. Тиймээс тэд ирээдүйд улам ширүүн өрсөлдөөнтэй тулах болов уу?
Энэ үнэн. Харилцааны технологиуд нөхцөл байдлыг зөөлрүүлж байгаа. Оюуны хөдөлмөр эрхэлж амьдардаг ийм их өндөр боловсролтой хүмүүс нийгэмд үнэхээр хэрэгтэй юу. Тэртээ тэргүй интернэтэд бүгд эрх тэгш, бүх хүнд онлайнаар бизнес эрхэлж, мөнгө олох боломж бий.
Одоо эцэг, эхчүүд хамгийн шилдэг дунд сургууль, их сургуулийн төлөө тэмцэлдэж байна. Хүүхэд нь дээд боловсролгүй хоцорно гэдэгтэй эвлэрэх эцэг, эх байгаа гэж үү?
Дээд боловсролтой болох эсэх нь эцэг, эхчүүдийн хэрэг биш. Тэд бол харьж яваа үе. Нэгэн сэтгэл зүйчийн хэлснээр “Энэ бүгд хэдийнэ өтөг бууц болсон”. Эцэг, эхэд биш хүүхдэд чиглэх хэрэгтэй. Хүүхэд ерөнхий шалгалтаа өгөөгүй эсвэл дээд боловсрол эзэмшиж чадаагүй бол зүгээр л өөр замаар амьдарна гэсэн үг. Өөр хувь тавилантай байна л гэсэн үг. Хамгийн чухал нь сэтгэлдээ таарсан зүйл хийх хэрэгтэйг хүүхдэд тайлбарлах. Үлдсэн бүгдийг хүүхэд өөрөө хийнэ.
Эх сурвалж: HBR Russia