“Ай ёо доктор буюу Б.Дугархүүтэй ярилцлаа.
-Нойр гэж чухам юу байдаг юм бэ. Энэ талаар тайлбар өгөхгүй юү?
-Нойр гэдэг зүйл шинжлэх ухааны хэлээр мэдрэлийн тогтолцооны амралт гэж үздэг. Хүний нойр олон хэсгээс бүрдэх бөгөөд нойрны эхэн үе, дунд үе, гүн үе, сэрэх үе гэж хуваагдана. Хүн гэрэлтэй орчинд унтвал мэдрэлийн системүүд бүрэн амарч чаддаггүй шүү дээ. Физиологийн үйл явцаар тайлбарлавал унтахаар нүдээ анихад нүдний мэдрэхүйгээр дамжаад тархи харанхуйг мэдрээд боргоцой булчирхай буюу нойр хүргэдэг булчирхайд хүрч мелатони гэдэг даавар ялгарч бүх тархи мэдрэлийн системд хүрснээр бие организмын бодисын солилцоог удаашруулж амар гэсэн дохиог өгдөг. Харин хүний нүдэнд гэрэл тусахад энэхүү даавар ялгарахаа больж тархи мэдрэлийн эсүүд сэргэж эхэлдэг. Энэхүү үйл явц нь эргээд нойргүйдлийн эхний шалтгаан болдог.
-Хүмүүс зүүдний ертөнц, зүүд зүүдэллээ гэж их ярьдаг. Тэгвэл энэ процессын талаар яриач?
-Хүн нойрсож байх үед тархины үйл явц 40-45 хувийн ажиллагаатай байдаг. Нойрны цикль нь зүүрмэглэх, хөнгөн нойрсох, гүн нойрсох, зүүд нойрны үе гэсэн дөрвөн хэсгээс тогтдог. Нэг цикль нь дунджаар 90-120 минут үргэлжилнэ гэж үзэхээр хүнд 8 цаг унтахад 4-5 удаагийн цикль эргэдэг байх нь. Циклийн эдгээр үеүдээс хамгийн чухал нь гүн нойрны үе. Гүн нойрны үе хэдий чинээ удаан хугацаанд өрнөх тусам бид төдий чинээ сайн унтаж амардаг. Нэг цикльд оногдох гүн нойрны хугацаа 20-40 минут байдаг.
-Нойргүйдлийн шалтгаан гэлээ шүү дээ. Нойр хямрах гол шалтгаан нь юу байна вэ?
-Хүн өөртөө унтаж, амрах нөхцөлийг хэр бүрдүүлж байгаагаас хамаардаг. Зарим хүмүүс өдөржингөө юм идэхгүй хоосон явж байгаад орой хэт их идэх эсвэл цай, кофе уугаад унтах нь нойр сэргэх нөхцөл болж байдаг. Энэ нь мэдрэлийн систем буюу тархинд агуулагдаж буй цусны 20 орчим хувь ходоод руу явдаг гэсэн үг. Үүнээс болж тархин дахь цусан хангамжийн хомсдол үүсч нойр хүрэх, нозоорох үйл явц болдог байна. Иймд нойр хэвийн болгоход амьдралын хэв маяг маш чухал. Мөн бухимдал болон биеийн өвчний үед нойрны өөрчлөлт элбэг тохиолддог. Тухайлбал, бие махбодын хүчин зүйлс буюу зүрх судас, үе мөчний өвчнүүдээс шалтгаалж болно. Харин сэтгэл зүйн хувьд уурлаж бухимдах, айдас төрөх, сэтгэл гутрах, сэтгэл түгших, уй гашуу тохиолдох нь нойр хямрахад хүргэдэг. Үүнээс гадна коффейн агуулсан цай, кофе уух, хар тамхи татах, архи уух, ажлын хэв маяг өөрчлөгдөх, мөн амьдралын хэвшлээс шалтгаалдаг.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу