“Үнэртэй усанд дурлагсдын клуб”: Цусаа хандивласан доноруудад сүрчигний дээж бэлэглэнэ

Фейсбүүк дахь “Үнэртэй усанд дурлагсдын клуб- Mongolian Fragrance Lovers” группээс санаачлан “Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв”-ийн үйл ажиллагааг дэмжин жил бүр цусаа бэлэглэх аяныг зохион байгуулдаг билээ. Тэгвэл энэ жилийн цус бэлэглэх аяныг “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-ийг тохиолдуулан ирэх аравдугаар сарын 3-ний зохион байгуулах гэж байна.

“Үнэртэй усанд дурлагсдын клуб” хэмээх фейсбүүк групп 2013 онд анх байгуулагдсан бөгөөд 2015 оноос эхлэн ЦССҮТ-ийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж, улмаар гишүүд болон иргэдэд хандаж цусаа бэлэглэхийг уриалах болсон.

Тэдний санаачилгыг “Наран Тулип” дэлгүүр дэмжин энэ өдөр цусаа бэлэглэсэн доноруудад сүрчигний дээж бэлэглэхээс гадна “Үнэртэй усанд дурлагсдын клуб- Mongolian Fragrance Lovers” группийн эрхлэгч М.Энхбаяр хувиасаа цус өгсөн донорууд дундаас гурван азтан шалгаруулж сүрчиг бэлэглэхээр болжээ.


“Үнэртэй усанд дурлагсдын клуб- Mongolian Fragrance Lovers” группийн эрхлэгч, М.Энхбаяр “Цусаа бэлэглэх аяныг зохион байгуулж эхлээд таван жил болсон байна. Бид нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, иргэний үүргээ биелүүлдэг сайн иргэд байхыг үлгэрлэдэг олон гишүүдтэй. Манай бүлгээс зохион байгуулдаг цусаа бэлэглэх аянд оролцсоор хүндэт донорын болзол хангасан маш олон гишүүд бий. Цусаа өгөх арга хэмжээг санаачилан хамтран зохион байгуулсаар ирсэн идэвхтэй гишүүддээ талархаж явдгаа хэлмээр байна. Энэ жилийн цус бэлэглэх аяныг “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулах гэж байна.” хэмээн ярилаа.

Цус бэлэглэх аян ирэх аравдугаар сарын 3-ны өдөр Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвд 08:30-13:30 цагийн хооронд зохион байгуулагдана.

Г.Нараа

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …