Л.Хүрэлбаатар: Монголын анхны хувийн үйлдвэрийг хамтарч байгуулъя гэж олон хүнд хэлж байсан

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртсэн “Монос” группийн ерөнхийлөгч Лувсангийн Хүрэлбаатарын сэтгэгдлийг хуваалцаж байна.

Тэрбээр: “Юуны өмнө Монгол Улсад хувийн хэвшил үүсэж хөгжсөний 30 жилийн ойгоор анхны хувийн үйлдвэрийг байгуулсан хүний хувьд ийм өндөр шагнал хүртэж байгаадаа баяртай байна. Энэ 30 жилийн хугацаанд дэлхийн стандартын шаардлага хангасан эм, гоо сайхан, хүнсний үйлдвэрийг Монголд байгууллаа. Хоёр мянган хүнтэй хамт олны маань хөдөлмөр, зүтгэлийг өндрөөр үнэлж, ийм сайхан шагнал хүртээсэнд баяртай байна.

Өнөөдөр Ковид-19 цар тахлын улмаас бүх бизнес маш хүнд байдалд байгаа. Энэ хүнд нөхцөлд бид ямар ч байсан нэг ч ажилтнаа халахгүй, цалинг нь бууруулахгүй, тогтмол өгөхийн тулд зүтгэж байгаа. Ковид-19 цар тахал манай хамт олны хувьд хүнд сорилт болж байгаа. Ялангуяа эмийн сан, үйлдвэрийн ажилчид маань бараг 24 цагаар ажиллаж байна. Ямар ч байсан энэ бэрхшээлийг даван туулна гэж бодож байна.

Ер нь анхдагч байна гэдэг хэцүү. Монголд анхны хувийн үйлдвэрийг байгуулъя гээд олон сайхан найздаа хэлсэн. Хувийн үйлдвэр байгуулах гэсэн юм аа, хамтраад ажиллая гээд ОХУ, ХБНГУ, Унгар, Монголд сургууль төгссөн олон хүнд хэлж байсан. Цөмөөрөө “ямар сайхан санаа вэ” гэчихээд хамтраад ажиллая гэхээр “би жаахан бодож үзье” гээд алга болчихдог байсан. Яагаад гэдгийг би сүүлд ойлгосон л доо. Монголд хувийн хэвшлийн үйлдвэр байгуулж болно гэсэн тухайн үеийн Сайд нарын зөвлөл, Намын төв хороо, Ардын их хурлын тогтоол, шийдвэр гараагүй, Ардчилсан хувьсгал ч ялах эсэх нь тодорхойгүй байсан үе. Хүмүүс жаахан айж, эмээж байсан юм шиг байгаа юм. Тэр үед эр зориг гаргаж, энэ сайхан үйлдвэрийг байгуулаад өдий хүртэл явсандаа өнөөдөр маш их баяртай байна” гэлээ.


Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …