Төв аймгийн унаган хүү Ц.Ууганбаатар хэмээх нэгэн хөдөлмөрч залуутай ярилцлаа. Тэрбээр Төв аймгийн хэвлэл мэдээллийн салбарт багагүй хугацаанд ажиллаж, аймаг орон нутгийнхаа сайн муу бүхий л талыг мэдэх учир сум орон нутаг, анхан шатны нэгждээ дуу хоолойгоо хүргэхээр зориг шулууджээ.
–Сайхан намаржиж байна уу та? Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайхан намаржиж байна. Та сайхан намаржиж байна уу. Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр танай сайтын ярилцлагын зочноор уригдсандаа маш их бэлэгшээж байна. Танд болон танай сайтын нийт уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Цэрэндоржийн Ууганбаатар гэдэг. Зуунмод хотын унаган хүүхэд. Энэ сайхан дэлгэр нутагт төрж өсөж, одоо ч энэ нутагтаа ажиллаж, амьдарч байна. Миний аав Цэрэндоржийн Цэрэндорж гэж дархан хүний бурхан ухаанаараа нутаг усандаа хүндлэгдсэн, олонтойгоо явдаг хүн бий. Аав минь айрагны ваар хийж олон түмэндээ танигдсан. Одоо хаа нэг хөдөө айлуудаар явж байхад аавын минь хийсэн ваарнаас айргаа сөгнөж байхыг хархад их сайхан санагддаг. Миний ээжийг Гунгаадашын Цэцгээ гэдэг. Олон жил төрийн албанд зүтгэсэн, багийн Засаг дарга хүртэл хийж явсан жинхэнэ “Төрийн хүн” байдаг. Би дороо хоёр эмэгтэй дүүтэй. Дүү нар маань хоёулаа ӨМӨЗО-ны Хөх хотод сурдаг. Дунд дүү маань докторантурт, бага дүү магистраар суралцаж байна. Би эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Манай гэр бүлийн хүнийг Б.Буянхишиг гэдэг. Арын албыг түүртэлгүй авч явдаг сайн хань, сайн ээж. Одоо Аймгийн шүүхийн тамгын газарт Эвлэрүүлэн зуучлагчаар ажиллаж байна.
-Одоо намрын их ажил өрнөж байна. Нутаг орны сонин сайхнаас хуучилж ярилцлагаа эхэлье?
-Намар цаг. Манай аймгийн хэмжээнд тариа ногоогоо хураах, хадлан тэжээлээ бэлтгэх гээд өрнүүн их ажил, хөдөлмөрийн цаг үе. Ялангуяа газар тариалангийн бүс нутгуудаар их ажил буцалж байна. Манай аймаг энэ жил арвин ургац хураан авах зорилт тавьсан. Урьдчилсан балансаар 87.964 тонн үр тариа, 155.950 тонн төмс, 22.758 тонн хүнсний ногоо, 51.843 тонн тэжээлийн ургамал хураан авах тооцоололтой байна. Мэдээж тариа ногоогоо хаягдалгүй хураан авах нь төрийн бодлого, тариаланчдын уйгагүй хөдөлмөрөөс шалтгаална. Энэ жил хураан авах ургацын хэмжээ, байгаль цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч аймгаас “Арвин ургац-Ажлын байр” аяныг эхлүүлэн тариаланч, ногоочдынхоо ургац хураалтад төр, хувийн хэвшлийн байгууллагыг татан оролцуулж, тариа хураалтад тус дэм болж байна.
-Ирэх 4 жилд аймаг, орон нутагтаа нэр дэвшиж байгаа юм байна. Яагаад нэр дэвших болов?
– Тиймээ. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд Зуунмод сумынхаа “Номт 1-р баг” буюу Нэгдүгээр тойрогт нэр дэвшиж байгаа. Анх аймаг, орон нутагтаа ажиллаж эхэлсэн цаг хугацаанаас эхлүүлээд сумынхаа хөгжил дэвшилд тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулсаар ирсэн. Залуу хүний хувьд өөрийн эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу хариуцсан ажлаа чин сэтгэлээсээ хийгээд явж байгаагаа аймаг, орон нутагтаа өөрийн зүгээс хийж байгаа хөрөнгө оруулалт гэж хардаг. Сүүлийн жилүүдэд төрийн байгууллагын хэвлэл мэдээллийн албанд ажиллалаа. Эндээс залуус бид сум орон нутаг, анхан шатны нэгждээ дуу хоолойгоо илүү хүргэж, оролцох нь ирээдүйгээ илүү өнгөлөг, гэгээлэг хөгжилд хүргэх юм байна гэж харагдсан. Ийм учраас энэ удаагийн орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байна. Улс төрд орж байгаа хүний хувьд ахмадаа сонсож, залуусдаа үлгэр дууриалал болж явахсан гэж бодогдож байна.
–Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан гэлээ. Тэгвэл мэдээж нутаг орны болж бүтэхгүй байгаа бүхнийг тольдож байсан байх. Орон нутагт хамгийн түрүүнд юунд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж бодож байна вэ?
– Би ажлынхаа анхны гарааг аймгийнхаа TBS телевизээс эхлүүлсэн. Телевизийн байгууллагад орж ирсэн цагаас эхлээд олон нийттэй харилцах, ард түмний дуу хоолойг сонсож ирсэн. Хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг төр, хувийн хэвшлийн үйл ажиллагааг зөвхөн нэг талаас нь харах бус, олон ургальч байдлаар хандаж, асуудал дундаас зөвийг харж, цензуртай мэдээллэх үүрэгтэй. Миний хувьд өнгөрсөн бүрэн эрхийн хугацаанд Аймгийн Засаг дарга Ж.Батжаргалаар удирдуулсан баг хамт олон маш сайн ажилласан гэж үздэг. Учир юу вэ гэхээр дотоодын үйлдвэрлэл үйлчилгээг сайжруулах, борлуулалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч чадсан. Мөн аймгийн хэмжээнд нийгмийн салбарт гэхэд л 11 дотуур байр, 7 сургууль, 14 цэцэрлэг, 4 эрүүл мэндийн төв, 14 соёл спортын төв, 18 төрийн үйлчилгээний байрыг шинээр барьж, 24 сум 2 багийг төвлөрсөн халаалтад холбож, иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлсэн гээд олон үр дүнтэй ажлууд хийгдсэн он жилүүд юм. Эндээс харахад аливаа орон нутгийн хөгжлийн үндсэн суурь нь дэд бүтцээ хот байгуулалттайгаа уялдуулж, алсыг харсан зөв төлөвлөлт хийх хэрэгтэй юм байна. Ингэснээр цаашид орон нутаг тэлэх, хөгжих боломж бүрдэж байна уу даа гэж залуу хүний хувьд харж байна.
“Телевизийн Ууганаа” гээд иргэдийн зүгээс ам сайтай байна
–Төв аймгийн Зуунмод сумын тухайд дэд бүтэц хэр байна вэ?
– Зуунмод сумын хувьд дэд бүтцийн томоохон ажлууд хийгдэж, дэд бүтэц дагасан асуудлууд шийдэгдэж байна. Нөөцийн усан санг барьж байгуулснаар ус тасардаг байсан асуудал үгүй болох, шинээр баригдах дулааны станцын усны асуудал шийдэгдэх юм. Мөн хуучирсан байсан цэвэр, бохир усны шугамын шинэчлэлтийг хийснээр шинээр баригдах барилга байгууламжийн шугам сүлжээ асуудалгүй болно гэж үзэж байна. Ирэх он жилүүдэд шинэ Зуунмод хот, Майдар эко хотын уялдаа холбоог хангаснаар Төв сайхан нутгаа “Хөгжлийн төв” болно гэдэгт итгэлтэй байгаа.
–Нэр дэвшигчийн хувьд сонгуулийн ажилдаа хэр анхаарч, цаг зав гаргаж байна вэ?
-Сонгуулийн сурталчилгаа эхлээд удаагүй байна. Гэхдээ сурталчилгааны хугацаа бага тул аль болох олон хүнтэй уулзаж, ахмадуудынхаа үгийг сонсож, залуустайгаа санал бодлоо солилцож, төрийн албан хаагчидтайгаа ярилцаад явж байна. Миний хувьд телевизэд олон жил ажиллаж, олон хүмүүстэй харилцаж, хамтран ажиллаж байсан учраас “Телевизийн Ууганаа” гээд иргэдийн зүгээс ам сайтай байна. Сүүлийн дөрвөн жил Аймгийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийг хариуцан ажиллалаа. Энэ хугацаанд төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчидтай байнга харилцах, төрийн мэдээ мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх ажлыг хийж байсны хувьд аймгаас гаргаж байгаа бодлого шийдвэр, хийж хэрэгжүүлж байгаа ажил үйлчилгээг иргэд олон түмэндээ нэлээдгүй сайн хүргэж байгаа бодож байна.
-Таны зорилго, тэмүүлэл юу вэ?
– Залуус бид нэг л зорилго, тэмүүлэлтэй гэж боддог. Ялангуяа миний насны залуус улс, орон нутгаа хөгжүүлэх, ард түмнийхээ аж амьдралыг сайхан болгох хүсэл, тэмүүлэлтэй байдаг. Тийм ч учраас залуусын дуу хоолой болж орон нутгийн сонгуульд Зуунмод сумандаа нэр дэвшиж байна.
-Орон нутаг, сумын төвийг хөгжүүлэх ямар боломж байна вэ. Залуу хүний хувьд тэр тусмаа хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан хүний хувьд хөгжлийн өнцгийг арай өөрөөр харж байгаа байх?
– Улаанбаатар хоттой ойрхон байдаг хэрнээ хөгждөггүй гэж манай Зуунмодыг хүмүүс их шүүмжилдэг. Харин өнөөдөр ирээдүйн Улаанбаатар хотын тэлэлт хэдийнээ эхэлчихсэн, Олон улсын Нисэх онгоцны буудал манай аймгийн төвөөс долоохон километрийн цаана бий болж байна. Манай аймгийн төвд газар авч үйлдвэрлэл үлйчилгээгээ өргөжүүлэх гээд дуудлага худалдаанд оролцож байгаа томоохон сүлжээ дэлгүүрүүдийн их урсгал Зуунмод хотруу ирж байгааг бид бүгд харж байна. Бидний зүгээс энэ бүхнийг урьдчилан том зураглалаар харж, дэд бүтцийн асуудал, зөв төлөвлөлтийг бий болгосноор түгжрэлгүй, утаагүй Зуунмод хот ирээдүйд хөгжлийн төв цэг болно гэдэгт би итгэдэг.
-Сонгогчиддоо хандаж хэлэх үгээр ярилцлагаа жаргаая.
–Зуунмод сум маань ганцхан өдрийн дотор өөрчлөгдөхгүй. Энэ бүгдийг урт хугацааны зөв төлөвлөлт, зөв бодлогоор хангаснаар бидний хүсэн хүлээж байгаа сайхан амьдрал шат дараатай бий болно. Иймээс Засгийн газрын бодлого шийдвэрийг иргэддээ, анхан шатны нэгждээ үр дүнтэйгээр хүргэж ажиллах боломжийг олгож аймаг, сумын ИТХ-ын Монгол Ардын намаас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг иргэд, сонгогчид та бүхэндээ уриалж байна.
Эх сурвалж: Орон нутгийн сонгууль 2020