Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат өдгөө 98 настай “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-г гардуулах ёслолын арга хэмжээ өчигдөр боллоо.
Сүрэнхорлоогийн Цэгмид гуай 1942 оны арванхоёрдугаар сард 19 настайдаа Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, Свердловск орчмын фронтын тэргүүн шугам дээр очиж байсан. С.Цэгмид гуайн энэхүү гавьяаг ОХУ-ын Ерөнхийлөгч өндрөөр үнэлэн Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалиар шагнах зарлиг гаргасныг ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов уншиж танилцуулан, гардуулсан юм.
Тэрээр “Үслэг малгай өмссөн 19 настай бүсгүй фронтод ирж, тусламжийг гардуулж буй зураг хоёр орны түүхийн нэгэн чухал баримт болон гэрэл зурагт үлдсэн. Монголын ард түмэн ЗХУ-ын ард түмэнд үзүүлсэн тусламжийн бэлэг тэмдэг болсон. Тэрхүү тусламжийг үзүүлэхийн тулд Монгол Улс улс орны эдийн засгийг дайны байдалд шилжүүлэн, бүх боломжоо ашигласан. Манай улс энэ тусламжийг үргэлж санаж, өндрөөр үнэлдэг. ОХУ, Монгол Улсын харилцааны түүхэнд энэхүү хуудсыг бичихэд үнэтэй хувь нэмрээ оруулсан С.Цэгмид танд гүнээ талархаж байна.” хэмээв.
ЗХУ-д хүргэсэн тусламжийн хэмжээ нь тухайн үеийн Монгол Улсын хоёр жилийн төсөвтэй тэнцэх хэмжээтэй байсан бөгөөд тухайн үед үзүүлсэн тусламжийн гуравны нэг нь манай улсаас очсон ажээ.
Найрамдлын одонгоор шагнагдсан С.Цэгмид гуай “Орос, Монголын найрамдлын дээд одон авч байгаадаа баярлаж байна. Ийм өндөр насанд маань ийм сайхан хүндэтгэл үзүүлж байгаад маш их баяртай байна. Төрдөө баярлаж байна, ийм сайхан зүйлийг үзсэн биедээ баярлаж байна. Манай хоёр орны найрамдалт харилцаа улам бүр батжин бэхжих болтугай. Миний өчүүхэн хөдөлмөрийг үнэлж байгаад баярлаж байна.” хэмээгээд хоёр орны төрийн дуулал сонсныхоо дараа “Халуун элгэн нутаг” дуугаар мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Түүний дараагаар ирсэн зочид С.Цэгмид гуайд талархал, урмын үг хэлж баяр хүргэсэн юм. Энэ үеэр 96 жилийн түүхт МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
Эрхэм Хатагтай, Ноёд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Тэртээ 1939 оны дайны хүнд жилүүдэд Их жанжин Д.Сүхбаатарын гэргий, одоогийн Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны үндэслэгч, тухайн үеийн Монголын “Эмэгтэйчүүдийн тасаг”-ийн эрхлэгч, төр, нийгмийн зүтгэлтэн НЭМЭНДЭЙН ЯНЖМАА нь дайны ялалтыг түргэвчлэхэд туслах зорилгоор Монголын мянга мянган эмэгтэйчүүд, ээжүүдийг нэгтгэж, цэргийн ангиудын хоол хүнс, тэдний хувцас хэрэглэлийг оёж, бэлдэх зэрэг олон ажлуудыг санаачлан, гардан зохион байгуулж байсан түүхтэй.
Мянга мянган ээжүүд, эмэгтэйчүүдийн чин сэтгэл шингэсэн хувцас, хоол хүнс, эд зүйлийг БНМАУ-аас Зөвлөлт Холбоот Улсын цэрэг дайчдад хүргэх хариуцлагатай ажилд ч монголын эмэгтэйчүүд хүнд, хэцүү гэж хойш суулгүй оролцсон байдаг.
Эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө залуу нас, сэтгэл зүрхээ зориулан, Зөвлөлт Холбоот Улс, БНМАУ-ын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн олон эмэгтэйн төлөөлөл болж 19-хөн настайдаа Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэх бүрэлдэхүүнд орж, Свердловск орчмын фронтын тэргүүн шугам дээр очиж ажилласан Сүрэнхорын Цэгмид танд ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-гоор шагнагдсанд 96 жилийн түүхт Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны нэрийн өмнөөс баяр хүргэе.
Мөн Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн түүхэн ойн хүрээнд хоёр орны Ард түмний найрамдал, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд Монголын эмэгтэйчүүд онцгой үүрэг гүйцэтгэснийг нь үнэлж, тэдний халуун сэтгэлийг өвөрлөн, дайны талбарт төлөөлөн очсон Сүрэнхорын Цэгмидийг ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-гоор шагнах зарлиг гаргасан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин танд болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ОХУ-ын элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлье.
“Хөршөө сонгодоггүй” гэсэн оросын мэргэн үг байдаг. Харин монголчууд “Саахалт айлын санаа нэг” гэж ярьдаг. Орос, Монгол улсууд мөнхийн хөршүүд. Дэлхий ертөнц даяарчлагдаж байгаа ч зуун зууныг хамтдаа туулах манай хоёр орны ард түмний дипломат харилцаа, найрамдал, хамтын ажиллагаа үеийн үед мөнхжин, батжихын ерөөл дэвшүүлье.