Эрүүл мэндийн Сайдын 2020 оны наймдугаар сарын 18-ны өдрийн “Төв болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн иргэдэд үзүүлэх лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмнэлзүйн тусламж үйлчилгээний төвлөрлийг бууруулах, хүлээгдэл, чирэгдлийг багасгах, цахим үйлчилгээг сайжруулах чиглэлээр гаргасан удирдамж”-ийн дагуу өнөөдөр Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвөөс гэмтлийн яаралтай тусламж, үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлээр Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг, Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг, Улсын Гуравдугаар Төв эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус үйл ажиллагаанд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, УНТЭ-ийн Ерөнхий захирал Н.Лхажий, УХТЭ-ийн Ерөнхий захирал С.Энхболд болон бусад албаныхан оролцлоо.
Эрүүл мэндийн Сайдын өнгөрсөн наймдугаар сард гаргасан удирдамжийн дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор ГССҮТ нь УНТЭ, УХТЭ-үүдтэй хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, өнөөдөр үзэглэлээ. Манай эмнэлэг нь гэмтлийн бүхий л төрлийн үйлчилгээг Монголынхоо гурван сая иргэнд үзүүлдэг ганц эмнэлэг. Гэмтлийн яаралтай тусламж, үйлчилгээ авах иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор манай эмнэлэгт төвлөрөл үүсч, иргэдийг чирэгдүүлэх явдал их байна. Тиймээс төвлөрлийг сааруулах, иргэдэд хүрэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор гэмтлийн яаралтай тусламжийн үйлчилгээг ирэх сараас эхлэн дээрх хоёр эмнэлэгт үзүүлэх юм. Лавлагаа, шатлалын эмнэлэг нь яаралтай тусламжийн нэгдсэн тасгуудтай учир гэмтлийн эмнэлгийн тусламжийг хоёрдугаар шатанд хүргэх боломжтой, мөн гэмтлийн чиглэлээр дагнасан нарийн мэргэжлийн эмч нар ажилладаг учир нэмж шаардлагатай боловсон хүчинг хамтран бэлтгэх тал дээр анхаарч ажиллана. Бидний хувьд цаашид энэ үйлчилгээг улам өргөжүүлэх зорилготой ажиллаж байна.