Химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалт хангалтгүй, хилээр оруулж ирж буйг нь төдийлөн анхааралгүй өдий хүрч байна. Тэгвэл өнгөрсөн даваа гарагт Баянзүрх дүүргийн нутаг дахь агуулахад их хэмжээний хорт бодис хадгалж байсныг цагдаагийнхан илрүүллээ. Тус дүүргийн X хорооны нутагт байрладаг “Эм солют” ХХК-ийн эзэмшлийн агуулахад нэгэн аж ахуйн нэгжийнхэн 20 тн хэмжээтэй химийн бодис хадгалж байсан гэнэ.
“Хэдийгээр эзэмшигчид нь метанол хэмээж буй ч шинжилж байж ямар бодис болохыг тогтооно. Ямар ч гарал үүслийн гэрчилгээгүй, БНХАУ-ын иргэдийн хариуцан ажиллуулдаг аж ахуйн нэгж энэ их хэмжээний бодисыг хадгалж байсан” хэмээн эх сурвалжууд мэдээллээ. Хэрэв уг бодисыг эзэмшигч компанийнхны тайлбарласнаар метанол буюу метилийн спирт мөн бол хор, аюулыг нь иргэд гадарлаж буй биз ээ.
Хэдэн жилийн өмнө “Азийн чоно”-ын гэх, метилийн спиртээр найруулсан архинд олон хүн хордож, эрүүл мэнд, амиараа хохирсон билээ. Химичдийн тайлбарласнаар метилийн спиртийг олон салбарт хэрэглэдэг, үл хөлдөгч, тэсрэгчийн холимог бэлтгэх, ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис хийхэд ч бага хэмжээгээр ашигладаг гэнэ. Мөн утаагүй түлш үйлдвэрлэхэд ч нүүрсний үнэрийг дарах зэрэгт хэрэглэж байж болзошгүй хэмээн химийн зарим багш хэлэв.
Юутай ч химийн хорт бодисыг улсын хилээр оруулж ирээд тусгай зөвшөөрөлд дурдсан газартаа хадгалах ёстой атал хятадууд зориулалтын бус газарт аваачсан байсан гэнэ. Эрүүгийн хуулийн 24.3-т химийн хорт, аюултай бодисыг зориулалт бусаар хадгалсан бол хариуцлага хүлээлгэхээр заасан билээ.
Эх сурвалж: Өнөөдөр сонин