Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд өнөөдөр /2020.10.08/ болсон хэвлэлийн бага хурлын үеэр НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа дэлхийн олон нийтэд тархаад буй цар тахлын мэдээллийг дэлгэрэнгүй мэдээллээ.
Тэрбээр“Өнгөрсөн 24 цагийн байдлаар “Ковид-19”-ийн халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй, нийт 315 тохиолдол байна. Өнгөрсөн хугацаанд 308 хүн эдгэрч, эмнэлгээс гарч, ХӨСҮТ-д 7 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тусгаарлалт, ажиглалтад 3672 иргэн байна. Хүйтний улирал ирж байгаатай холбогдуулах томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, амны хаалт тогтмол зүүж хэвших, ханиад хүрсэн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулалгүй гэрээр асрах, эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Энэ сарын 1-нээс эхэлж томуугийн дархлаажуулалтыг хийж эхэлсэн бөгөөд 351.200 гаруй хүнд хийхээс 89.216 хүнийг хамруулаад байна.
Энэхүү дархлаажуулалтыг 6 сартай хүүхдээс 65-аас дээш насны бүх хүнд хийнэ. Эхний ээлжид ЕБС-ийн 9 настай хүүхдэд, цэцэрлэгийн 5 хүртэлх насны хүүхдүүдэд хийхээр зорин ажиллаж байна” гэлээ.