Сүүнд хушны самар хийж буцалгаж уувал ханиад хүрэхгүй гэдэг нь нотлогдоогүй

“Ээж нараа хадгалаад аваарай!!! Аяга сүүнд хушны самар хийж буцалгаад хүүхдүүддээ 3 орой дараалан өгвөл ханиад хүрэхгүй…” гэсэн гарчигтай, gerbul.life хэмээн цахим хуудаст нийтлэгдсэн мэдээлэл 1.9 к хүнд хүрчээ.  

Тухайн мэдээлэлд “Улирал солигдож байгаа үед мөн хүүхдүүд олноор нэг дор цугларч байгаа энэ үед ямарч сайн дархлаатай хүүхэд нэг нэгнээсээ ханиадны вирус аваад байдаг. Яг ийм үед аяга сүүнд + атга хушны самар хийгээд /ястай / буцалгаад халуун бүлээнээр нь унтахын өмнө хамгийн багадаа 3 орой дараалан өгвөл нэн тустай байдаг. Миний хүүхэд өвдвөл таны хүүхэд өвдөнө, таны хүүхэд өвдвөл миний хүүхэд өвдөнө, хүүхдүүдээ эрүүл байлгая ээж аавуудаа” хэмээн бичсэн байна. 

Энэхүү зөвлөгөө нь бодитой эсэхийг бид нягтлахаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоол судлалын албатай холбогдоход “Манай төвд яг энэ талаар дагнаж хийсэн судалгаа одоохондоо байхгүй. Гэхдээ энэ мэт шинжлэх ухааны үндэслэлгүй аливаа зөвлөгөөг дагаж, хүүхдүүддээ туршихгүй байхыг анхааруулмаар байна” гэсэн юм. 

Хушны самар нь уураг өндөртэй, эрүүл мэндэд тустай гэдэг ч хүүхдэд аль болох их идүүлэхгүй байхыг зөвлөдөг. Ийм бид хүүхдийн харшлын эмч,  доктор Ж.Соёл-Эрдэнээс тодруулахад “Хушны самрыг хоёр нас хүртэлх хүүхдэд өгөхгүй байхыг зөвлөдөг. Харшилтай бол тэрнээс дээш насны хүүхдэд ч өгөхгүй байхыг зөвлөдөг. Харин сүүнд ястай нь буцалгаж өгдөг тухай анх удаа сонсож байна. Ээжүүдэд гэж хэлэхэд, батлагдаж, нотлогдоогүй, олон нийтийн сүлжээнд байгаа элдэв зөвлөгөөг туршихгүй байх хэрэгтэй. Хүүхдэд яаж ч сөргөөр нөлөөлж болно шүү дээ” гэлээ. 

Дэлхий дахинд сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн хуурамч, нотлогдоогүй зөвлөгөө ихээр тараах болсон нь олон нийтийн сүлжээний бас нэгэн асуудал болоод буй. Тиймээс улс орнууд олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэлтэй тэмцэх ажлаа эрчимжүүлсээр байгаа билээ.

Нягталсан: Ц.Тамир (MCIR)

эх сурвалж: factcheck.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …