НМХГ-гаас ЕБС-иудын “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Цэнд-Аюуш мэдээлэл өгөв.
Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн 138, төрийн бус өмчийн 99 сургууль нийтдээ 275 сургуульд 1-5-р ангийн 170 мянган орчим сурагчид үдийн цай хөтөлбөрт хамрагдаж байна.
275 сургуулийн үдийн цайны хэрэгжилтэд хяналт шалгалт хийлээ. 77,2 хувийг нь шалгалтад хамруулаад байна. Хяналт шалгалтын явцад хоолноос 450 арчдас, уснаас 75, хоолны илчлэг тодруулах шинжилгээ 25, ариутгалын бодис 10, хүнсний бүтээгдэхүүнээс 30 сорьц авч шинжилсэн.
Хяналт шалгалтын явцад зөрчилтэй байсан 35 иргэн, ААН-д Зөрчлийн тухай хуулийн дагуу 15.5 сая төгрөгийн торгууль ногдуулж ажиллалаа. Зарим зөрчил дутагдлууд арилахгүй байна. 2021 оноос “Үдийн цай” хөтөлбөр “Үдийн хоол” болж хэрэгжинэ. Тиймээс анхаарах хэд хэдэн асуудал байна.
-Нийслэлийн хэмжээнд төрийн өмийн 138 сургуулийн 74 буюу 53,6 хувь нь зориулалтын, 59 буюу 42,7 хувь нь зориулалтын бус цайны газартай байна.Төрийн бус өмчийн 117 сургуулийн 23,3 хувь нь л зориулалтын байртай.
Мөн үдийн цай хөтөрбөрийг хэрэгжүүлэхдээ тухайн хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гаргуулж байж үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл 28,2 хувь нь Мэргэжлийн хяналтын газраар дүгнэлт гаргуулаагүй ажиллаж байсан.
Үдийн цайг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх ёстой байдаг. Гэтэл 37,9 хувь нь зориулалтын бус тээврийн хэрэгслээр зөөвөрлөж байна.
Мөн хүнс хадгалах зориулалтын сав байхгүй, хөргүүр хөргөгч дутагдалтай байна” гэлээ.