Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа нар /2020.10.06/ Конрад-Аденауэр сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Йоханн Фурманнтай уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойш ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд Конрад-Аденауэр сантай хамтарч ажиллаж ирсэн уламжлалыг тэмдэглээд ардчилсан шинэ Үндсэн хуулийг боловсруулах, хэлэлцэх үеэр хамтран ажиллаж байснаа санан дурсахад таатай байдаг хэмээв.
Түүнчлэн тэрбээр, Монгол Улс парламентын засаглал, парламентат ёсыг сонгосон сонголтдоо үнэнч байх ёстой гэсэн байр суурь баримталдгаа илэрхийлээд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу улстөрийн нам, улстөрийн намын санхүүжилт, ашигт малтмал, өмчтэй холбоотой хуулиудыг боловсруулахад шаардлагатай судалгаануудыг хийхэд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын шинэ тутам байгуулагдсан Парламентын судалгааны хүрээлэнгийн тэргүүлэх чиглэлийн талаар мэдээлэл өгч, Парламентын судалгааны хүрээлэн ХБНГУ-ын Бундестагийн Судалгааны хүрээлэнтэй байнгын хамтын ажиллагаа тогтоон, хамтарч ажиллахад дэмжлэг үзүүлэх боломжийн талаар саналаа хэлэв. Энэ үеэрээ Улсын Их Хурлын Тамгын газар Конрад-Аденауэр сантай уламжлалт харилцаагаа улам ахиулж, өргөжүүлэн хөгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол-Германы парламентын хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжсөнийг тэмдэглэсэн юм.
Конрад-Аденауэр сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Йоханн Фурманн Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн зорилгууд Конрад-Аденауэр сангийн ардчилсан төрийн болон нийгмийн байгууллыг хөгжүүлэх зорилготой нийцэж буйг тэмдэглээд, хамтарч ажиллах, дэмжлэг үзүүлэх саналыг таатай хүлээн авч буйгаа онцолсон юм.
Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа, Хүрээлэн байгуулагдаад удаагүй учир чадавх бэхжүүлэх, олон нийтэд парламентын боловсрол түгээх, хуулийн төсөл боловсруулах шатны болон бусад судалгааны чиглэлээр хамтарч ажиллах саналаа мөн илэрхийллээ.
Ийнхүү талууд УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэн, Германы Бундестагийн Судалгааны хүрээлэн хамтарч ажиллах чиглэлүүдийн талаар тодорхой санал солилцохын зэрэгцээ УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэн Конрад-Аденауэр сантай хамтарч ажиллахаар ярилцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.