Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад гарц, шийдэл эрэлхийлсэн “Эмэгтэйчүүдийн эрх ба Жендерийн тэгш оролцоо” хэлэлцүүлэг өчигдөр Офицеруудын ордонд боллоо.
Тус хэлэлцүүлэгт Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл панелистаар оролцож, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бууруулахын тулд төр болон төрийн бус байгууллагууд юун дээр анхаарч ажиллавал зохистой талаарх байр сууриа илэрхийллээ.
Тэрээр “Хүүхэд хамгааллын асуудал, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой асуудалд эмэгтэй гишүүд, эмэгтэйчүүдийг анхаарах ёстой гэсэн ойлголт нийгэмд түлхүү байдаг. Энэ асуудалд эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүн бүр анхаарах ёстой. Хүн бүхэн математикч болдоггүй харин эцэг эх болно гэсэн алдартай үг бий. Тиймээс бид Хүн хүмүүжүүлмээр байна. МЭХ-ны хувьд ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт хүүхдийн нас насны онцлогт тохирсон гэр бүлийн хүмүүжлийн хичээлийг оруулах ёстой гэсэн саналыг тавиад явж байна. Мөн хүүхэд хамгааллын асуудалд урьдчилан сэргийлэх ажлыг системтэйгээрр хийж, хүчирхийллийг хүчирхийллээр шийдэх бус хүчирхийлэгч бус иргэн бэлдэцгээе” гэлээ.
НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан статистик мэдээллээр дэлхийн 20-24 насны бүсгүйчүүдийн 3-ны нэг нь хүчээр гэр бүл болон айлын эхнэр болдог. Мөн 20-49 насны эмэгтэйчүүдийн 41 хувь нь буюу 400 сая нь 28 нас хүрээгүй байхдаа айлын эхнэр болсон статситик тоо бий. Харин Монгол Улсын хувьд Жендерт суурилсан хүчирхийллийн талаар судалгааны тайланд гурван эмэгтэй тутмын хоёр нь амьдралынхаа туршид ямар нэгэн хэлбэрийн хүчирхийлэлд өртдөг гэсэн бол 10 эмэгтэй тутмын нэг нь бусдын үйлдсэн бэлгийн хүчирхийлэлд 15 нас хүрэхээсээ өмнө өртсөн тухай онцолсон байна.