Цензургүй зодог тайлж байна-9 жилийн дараа төгсөв-Халз ярилцлагын төрөл, “hard tallk” хэлбэрийн “Цензургүй яриа” 9 жил, эрэн сурвалжлах чиглэлийн “Цензургүй сурвалжилга” нэвтрүүлэг 5 жилийн дараа өнөөдрөөр ийнхүү төгсөж байна. Сэтгүүлч миний бие эрэн сурвалжлах чиглэлээр 22 жил ажиллажээ. Цензургүй гэдэг нэрээр овоглон эрж хайж, нуусан бүхнийг нь илчлэхийн төлөө өвлийн тэсгим жаварт хөр цасан дундуур туучиж, зуны аагимд нар залгин ангаж гандсан…муу үгийн сумаар сийчүүлж, доромжлол, заналхийлэл бүрийг сэтгэл зүрхгүй юм шиг зөвхөн өөртөө шингээж нулимсаа нууж залгисан 9 жил минь. Монголын дуулиан бүрийг өмнөө суулгаж тэсч үлдэхийн шаналантай, бас ялалтын уухайтай ч элгээ цөмлөж туулсан 9 он минь. Гал болгоныг атгаж , муу муухайн өөдөөс ямар ч баггүй улаан нүүрээрээ тулж, ассан гал шиг дүрэлзэж өнгөрсөн 9 жил минь баяртай. Хүн эхэлсэнээ дуусгадаг, ид үедээ өөрөө өөртөө төгсгөл хийж чаддаг байх учиртай. Боллоо. Төгслөө. Баярлалаа та бүхэндээ. Төсөл юм бол дуусч, үлгэр юм бол төгсөж, нар юм бол жаргах цаг минь ирэв. “Өнөөдөр даваа гариг. Улаанбаатарт 21.00 цаг болсон байна. “Цензургүй яриа” эхлэхэд бэлэн боллоо…” гэж дахин би хэлэхгүй. Бүтэн 9 жилийн турш даваа гариг болгоны 21.00 цагт нэвтрүүлгээ хүлээн суудаг та бүхэн дахиж Цензургүйг үзэхгүй. Тиймээ, Цензургүй зодог тайлж байна. Амттай ид үеийн төгсгөл эрч хүчтэй, бас нэхэл хатуу байдаг юм байна. Цензургүйн буйран дээр “Амьдрал фильм” ханаа дугуйлж тооноо өргөлөө. Хатуу хүтүү бүхнийг хамтдаа туулсан, хугарч нугардаггүй дайчин хамт олонтойгоо “Амьдрал фильм”-ийг өлгийдөн авч баримтат киноны салбар руу жаахан гэрэвшингүй ч гэхдээ итгэл төгс алхаж орлоо. Нэг л өдөр “Амьдрал фильм” та бүхэндээ Амьдрал цувралаа өргөн барих болно. Дахиад л урагшаа нэг алхлаа. Дахиад л шинэ эхлэл өмнө минь байна… Амьдрал төгсөшгүй ажээ. Уран бүтээл өөрөө шаналантай, хүсэл тачаалтай…таашгүй ажээ.
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан