Ш.Чимэдцэеэ: Уг нь би энэ байрыг өөрөө авсан шүү дээ

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн байрыг хураах шүүхийн шийдвэр гарч, түүнийг 2020 оны аравдугаар сарын 26-ны дотор одоо амьдарч буй байраа суллахыг шаардсан тогтоол хүлээлгэж өгчээ. Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ өчигдөр өөрийн цахим хуудаснаа энэ тухай мэдэгдэж, “Ийм болчихоод нулимсаа барж, төрдөө, шүүхдээ гомдоод сууж байна. Арга чарга байна уу, Муу Чимэдцэеэдээ туслаач” гээд шийдвэр биелүүлэх тогтоолын зургийг нийтэлжээ. Түүний хувьд нэгэн цаг үед хамт амьдарч байсан нөхөр Д.Түвшинжаргалтай байрны эзэмшлийн асуудлаар шүүх дээр маргаантай байсан юм. Мэдээлэл өгөх үүднээс энэ тухай илэн далангүй өгүүлсэн түүний ярилцлагын хэсгээс дахин нийтэлж байна.



-Танд тохиолдсон асуудалд олон хүн санаа зовж байгаа. Яагаад ийм зүйл болчихов?

-Би Д.Түвшинжаргалтай сайхан л амьдарч байна гэж боддог байсан. Гэр бүлээ цуцлуулах өргөдлөө 2015 онд шүүхэд өгтөл хөрөнгөний маань талыг авна гэсэн. Тэгээд асуудал үүсээд одоо 113 сая төгрөгийн өрөнд орчхоод сууж байна. 

-Орон сууцыг та худалдан авсан юм байна. Тийм байтал Д.Түвшин­жаргал гуай яагаад тал үнийг нь танаас авах гэдэг юм бол?

-Гэрлэлтийн баталгаагаа салгана гэхэд л бүх юмыг нэхэж эхэлсэн. Нэхээгүй юм үгүй дээ. Би Орлойн “баян” Совд гэж хүний ач охин. Орлойн угшлын хурдан адуу гэж ярьдаг даа. Энэ угшлыг бий болгосон хүн чинь миний өвөг эцэг.  Хүүхдүүд нь таван баян хүн байсан юм билээ. Чойнбол гэлэн, “Хув” Дагва, Самбуу гэлэн, Догоо-Эхнэр, “баян” Совд гээд. Энэ хэдэн хүн гурван удаа хөрөнгөө хураалгаад дөрөв дэх дээрээ гурав нь буудуулсан. Одоо архивт энэ талаар мэдээлэл байдаг. Материалыг нь ч бид авсан. Энэ өвөг дээдсээс минь дамжиж ирсэн Батноровын дунд гарын мөнгөн тоноглолтой эмээл байсан. Гар ураатай ховор эмээл. Мөн шүрэн шигтгээтэй мөнгөн ташуур, мөнгөн хазаар, мөнгөн хэт хутаг байсан. Би Сүхбаатараас ирэхдээ авч ирж байсан юм. Гэтэл тэр бүгдийг нэхсэн. Манайх 20 гаруй мөнгөн аягатай байсан. Айхтар тоолоод сүйд болдоггүй. Тоолоод байвал тэрэндээ сүнс нь хорогдоод явдаггүй гэсэн биз дээ. Тэгэхээр нь би тоолдоггүй. Манай Д.Түвшинжаргал тоолоод байдаг байсан юм шиг байна. 30 мөнгөн аяга гэж нэхсэн. Багцаагаар бодоход 30 арай хүрэхгүй байх. Д.Түвшинжаргал явахдаа өөрийнх нь нэртэй хэдэн мөнгөн аяга байсан аваад явсан. Бээжингээс авсан хоёр булган дээл, Дарьганга эхнэр дээл гээд Сүхбаатараас авч ирсэн хоёр хивсийг маань хүртэл нэхсэн. Энэ гэрээс нэхэмжлээгүй зүйл байхгүй. Шүүх хурал дээр Д.Түвшинжаргал “Ш.Чимэдцэеэ мөнгөн эмээл, хазаарыг Сүхбаатараас авчирсан. Гэхдээ л хуулиараа би энэ хөрөнгөний талыг авах ёстой” гэж байсан. Мөн орон сууцыг 400 орчим саяар үнэлүүлж, тал үнийг нь надаас нэхэмжилсэн. Д.Түвшинжаргал явахдаа “Land cruiser” автомашин, алтан нуухтай гартаман хөөргийг аваад явсан. Хөдөөнөөс агнаж ирсэн зээрийн махаа хүртэл авч явсан. Би түүнийг сайн ч хувцаслаж явуулсан. Тоглолтын хувцас хунар гээд олон сайхан хувцас хийлгэж өгч байлаа. Одоо тоглолтон дээрээ тэр хувцаснаасаа өмссөн л харагддаг.

-Танаас салаагүй байхдаа “Энэ хөрөнгөний тал нь минийх шүү” гэж хэлдэг байсан гэл үү?

-Тэр хүн анхнаасаа ингэе гэж бодож байсан байж магадгүй. Д.Түвшинжаргал хамт амьдарч байхдаа “Хэрвээ чи надаас салах юм бол чиний хөрөнгөний тал нь минийх болно шүү” хэмээн хэлдэг байсан. Би нэг их тоодоггүй байлаа. Согтуудаа л ингэж байна гэж боддог байв.  “Би Чимэдцэеэгийн хөрөнгөнд нь болж суусан. Жаахан хөрөнгөтэй больё гэж суусан юм” гэж ярьж байна гэж надад хүмүүс хэлдэг байсан. Би маргаан үүссэнээс хойш “Одоо боливол яасан бэ. Нэр сүрээ бодъё” гэж хэлэхэд Д.Түвшинжаргал “Энэ нэхэмжилж байгаа зүйлүүд минийх болчихвол больж болно шүү дээ” гэсэн. Ийм л бодолтой хүн. Гэр бүлийн тухай хуулиар таваас дээш жил хамт амьдарсан бол хөрөнгийг тэнцүү хуваах ёстой юм байна. Ийм зовлонг амсаж байгаа нь ганц би биш байх. Энэ заалтыг өөрчилмөөр санагдсан. Цаашид гэр бүл салалтаас үүсч олон хүн ийм маягаар хохирохыг үгүйсгэхгүй. Улаан хоолойгоо тасартал дуулж байж олж авсан хөрөнгөө ингэж алдаж байгаа нь надад харамсалтай байна. Анх зогсоолтой 82 сая төгрөгөөр тооцож авч байсан орон сууцыг 400 орчим сая төгрөгөөр үнэлүүлсэн. Тэгээд тал хувь нь болох 200 орчим сая төгрөг нэхэмжилсэн. Би уг нь энэ байрыг өөрөө авсан юм шүү дээ. Д.Түвшинжаргалд ямар ч хамааралгүй. Нутгийн дүү Б.Мөнхцэцэг “Оддын хотхон”-д хоёр орон сууц авсан байсныхаа нэгийг надад бэлэглэлийн гэрээ байгуулж худалдсан. 122 м.кв орон сууц, машины гаражийн хамт би авсан. Оронд нь “Найман шарга” валютын захын орчимд өөрийн нэр дээр байсан газраа өгсөн юм.

-Д.Түвшинжаргал гуай яагаад өөрийнхөө нэр дээр байрны гэрчилгээг гаргасан юм бол?

-Бид хоёр 2005 оны гуравдугаар сард гэрлэлтээ батлуулсан.  Гэтэл Д.Түвшинжаргал гэрлэлтийн баталгаа авч яваад энэ орон сууцыг барьсан компанийн захирал Д.Дампил гэж хүнтэй гэрээ хийгээд өөрийгөө байрны үндсэн эзэмшигчээр, намайг хамтран эзэмшигчээр гаргасан байсан. Уг нь энэ байрны эзэн нь би. Б.Мөнхцэцэгтэй бэлэглэлийн гэрээ хийсэн хүн нь би шүү дээ. Тэгэхээр надаас зөвшөөрөл авч, миний гарын үсэгтэй гэрээг үндэслэж улсын бүртгэлд бүртгэх ёстой. Гэтэл тэгээгүй. Д.Түвшинжаргал байрны гэрчилгээг өөрийн нэр дээр авах гээд байсан юм шиг байна лээ. Надад байрны гэрчилгээ үзүүлэхгүй олон жил явсан. Гэтэл би гэрлэлтээ цуцлуулах гээд шүүхэд хандаад анх мэдсэн. Шүүх хурал дээр манай өмгөө­лөгч Д.Түвшинжаргалаас байрны мөнгийг та төлсөн юм уу гэж асуухад “Би байр худалдан авах мөнгө төлөөгүй. Энэ байрыг анх худалдахдаа Б.Мөнхцэцэгтэй гэрээ байгуулсан юм билээ” гэж мэдүүлсэн мөртлөө “Оддын хотхон”-ыг барьсан “Гүрү” компанитай байгуулсан гэх худалдан авах гэрээ гаргаж ирсэн. Гэтэл тус компаниас хоёр байр худалдаж авсан иргэн Б.Мөнхцэцэг нь нутгийн эгч Ш.Чимэдцэеэд байр бэлэглэсэн гэдгээ шүүхэд мэдүүлэн, нотариатаар баталгаажуулсан бичгээ ирүүлсэн байсан.

-Орон сууцыг яагаад ийм өндөр үнээр үнэлүүлсэн юм бэ?

-Д.Түвшинжаргал өөрөө л үнэлгээний компаниар үнэлүүлсэн юм шиг байна лээ. Түүнийг нь шүүх зөв гэж үзээд, надаас 200 орчим саяыг гаргуулах шийдвэр гаргасан. Тэгээд автомашин, хөөрөгний үнэлгээ, хадгаламжийн мөнгө хасагдаад одоо төлөх ёстой нь 113 сая төгрөг үлдээд байна. Тэр 100 гаруй сая төгрөг гэдэг чинь миний барьж үзээгүй их мөнгө шүү дээ. Анхан шатны шүүх хурал дээр миний талд гарсан. Тэгээд давж заалдах шатны шүүх, дээд шүүх дээр миний эсрэг шийдвэр гарсан. Анхан шатны шүүх хурал дээр би өөрөө оролцсон. Сүүлийн шүүх хурлууд дээр би оролцож үнэхээр чадаагүй. Бэр маань хүнд өвдөөд, шүүх хуралд оролцох боломж гараагүй. Өмгөөлөгчөө л явуулдаг байсан.

-Д.Түвшинжаргал гуай орон сууцыг аль нэг компаниар өөрөө үнэлүүлэх ёсгүй баймаар. Шүүхээс л үнэлгээний компанийг томилж, зах зээлийн бодит үнэлгээг тогтоох ёстой болов уу?

-Би сайн мэдэхгүй юм. Ийм л юм болчихлоо. Нэгэнт шүүхээс шийдвэр гаргачихсан учраас болдоггүй юм байлгүй. Тэр байтугай миний хүүгийн байрыг авах гэж хүртэл шүүхэд нэхэмжилсэн. Намайг 1994 онд Улаанбаатарт ирэхэд төрөөс орон сууц өгсөн. Тэр байранд одоо миний хүү амьдарч байгаа. Тэр байрыг хүртэл авахаар нэхэмжилсэн. Шүүх хурал дээр хүү минь оролцож өөрийнхөө байр гэдгийг хэлсэн л дээ. Миний хүүгийн нэр дээр байдаг. Д.Түвшинжаргалд ямар ч хамаа байхгүй орон сууц. Тэгээд шүүх нэхэмжлэлийг нь авч хэлэлцээгүй. 

-Түүний нэхэм­жилсэн эд хөрөнгөнөөс өөрийнх нь худалдан авсан зүйл бий юу?

-Бид хоёр хамт амьдарч байхдаа Д.Түвшинжаргал нэг их гэртээ юм аваад байдаггүй байсан. Би ч юм ав гэдэггүй. Тэр үед Д.Түвшинжаргал 60 мянган төгрөгийн цалин авдаг. “Хүүхдүүддээ л юм авч өг” гэж би хэлдэг байсан.

-Танайхаас үнэт эдлэлүүд алга болсон гэсэн. Хэзээ, яагаад алга болчихов?

-Анхан шатны шүүх хурал болоод долоо хоносон байсан. Шүүхийн шийдвэр миний талд гарсан. Би 2015 оны арванхоёрдугаар сарын 6, 7-нд хөдөө тоглолтоор яваад эзэнгүй байв. Би хоёр өдөр байтугай, хоёр сараар ч гэрээ орхиод яваад ирэхэд зүгээр л байдаг. Гэтэл хоёр хоног тоглолтоор хөдөө яваад ирсэн чинь манай гэрт хулгай ороод мөнгөн эмээл, хазаар, хэт хутаг, шүрэн шигтгээтэй мөнгөн ташуур, гурван биет бурхан алга болсон байсан. Мөн 20 гаруй мөнгөн аягыг маань хулгайч аваад явсан байна лээ. Урт яргай ташуур, хоёр тохом нь үлдсэн байсан. Уг нь тэр байтугайг цагдаа­гийнхан олоод байдаг биз дээ. 2015 онд алга болсон ч одоо хүртэл олдсонгүй. Энэ хэргийг шалгаж байгаа байцаагч нар дээр би очиж уулзсан. Цагдаагийнхан их хариуцлагагүй байна. Би тэр мөнгөн эмээлийн зураг, хөргийг зориуд авч байсангүй. Харин би телевизийн зурганд нэг орж байсан юм. Тэр бичлэгийг телевизээс хүүгээрээ авахуулаад хэргийг шалгаж байгаа Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын байцаагч Болдцэрэн гэж хүнд өгүүлсэн. Саяхан цагдаа дээр очиж уулзахад хэргийг өөр эмэгтэй байцаагчид шилжүүлсэн байна лээ. Гэтэл хавтаст хэрэгт миний тэр эмээлийн зураг байхгүй. Надаас “Танд эмээлийн чинь зураг байна уу” гэж байцаагч асууж байсан. Тэгэхээр нь би өгсөн гэдгээ хэлсэн. Цагдаагийнхан ийм л хариуцлагагүй байна.  Хавтаст хэрэгт байсан эмээлийн зураг алга болсон байсан.

-Магадгүй, та нөхрөө гомдоосон ч юм уу, таны буруутай зүйл байсан уу?

-Би өндөг шиг өөгүй хүн биш. Хэнд ч өө, алдаа дутагдал бий. Надад ч, Түвшээд ч өө бий. Гэхдээ энэ хэрэг явдлын өө нь түүнээс гарч байсан болов уу гэж боддог. Би бас хүн юм чинь эсэргүүцлээ илэрхийлнэ шүү дээ. Би эхэндээ хэлнэ. Тэгээд хэрэлдэж, маргана. Сүүлдээ хэлэхээ больсон. Гэх мэтчилэнгээс эхлээд түүнд таалагдахгүй юм зөндөө байсан байлгүй дээ.

-Одоо танаас 113 сая төгрөг нэхэмжилсэн. Маргааныг дахиж хянах боломж байдаггүй юм болов уу?

-Өмгөөлөгч нар маань янз бүрийн зүйл ярьж л байна. Гарц хайцгааж л байгаа. Дээд шүүхээр шийдэгдсэн учраас дахиж авч хэлэлцэх боломж байдаггүй л гэх юм.

-Д.Түвшинжаргал гуай одоо юу хийдэг юм бэ?

-Монгол Улсын Консерваторийн Уртын дууны ангийн зөвлөх багш болсон гэсэн.

-Таныг нэр төрд халдлаа гээд шүүхэд хандсан гэсэн үү?

-Баянзүрх дүүргийн цагдаад намайг нэр хүндэд халдлаа гэж гомдол гаргасан гэж цагдаагийн байгууллагаас ярьсан. Би очиж уулзаагүй л байна.

Ярилцсан: Т.АМАРТҮВШИН

Zindaa.mn сайтад 2019.05.28-нд нийтлэгдсэн ярилцлагаас…

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …