Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нарын бүрэлдэхүүнтэй ажлын баг Гашуун сухайт боомтын үйл ажиллагаа болон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын ажилтай танилцсан. Үүний дараагаар “Эрдэнэс-Тавантолгой” компанийн кэмпээр орж, компанийн удирдлага, уурхайчдын төлөөлөлтэй уулзсан юм. “Эрдэнэс-Тавантолгой” ХК А-6/20 хөтөлбөр хэрэгжүүлж байгаа талаар Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг танилцууллаа.
Алдагдлаас гаргаж, бүх өрийг дарж, ашигтай ажилладаг болсон, 1072 хувьцааг амь оруулж, анх удаа иргэн бүрт ногдол ашиг өгсөн, үндэсний бүтээн байгуулалт болох төмөр замын төслүүд, Улаанбаатар хотыг утаагүй болгох сайжруулсан түлшний үйлдвэр, Тавантолгой түлш компанийг санхүүжүүлсэн зэрэг амжилт, ирэх жилүүдэд хийж хэрэгжүүлэх төслүүдээ энэхүү хөтөлбөрт багтаасан байна.
Тухайлбал, нүүрс угаах баяжуулах үйлдвэр, усан хангамж, конвейрийн систем зэрэг зайлшгүй хэрэгцээтэй үйлдвэрлэлийн төслүүд, ажилчдын хотхон, уурхайн оффис, Эрдэнэсийн хотын бүтээн байгуулалт зэрэг 20 ажлыг ирэх 3,5 жилийн хугацаанд хийхээр төлөвлөжээ. Мөн өөрсдийн техниктэй болж, олборлолтынхоо тодорхой хувийг хийдэг болсноор олборлолтын зардал буурах боломжтой юм байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хариуцах тусгай чиг үүргийн “Зүүнбаян төмөр зам” ХХК байгуулагдсан, энэ компанийн 66 хувийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК эзэмших бол Тавантолгой цахилгаан станцын 30 хувийг эзэмшин, энэ хувьдаа оногдох санхүүжилтийг босгох юм байна.
Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн ордын гадаргын нэгдсэн төлөвлөгөөг батласнаар ордод үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн уурхай, авто болон төмөр зам, эрчим хүч, бусад үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нэгдмэл бодлогоор, харилцан уялдаатай явах боломжтой болсныг УУХҮ-ийн сайд энэ үеэр дурьдсан. “Эрдэнэс-Тавантолгой” компани сүүлийн гурван жил маш амжилттай ажиллаж байгааг Шадар сайд Я.Содбаатар онцлон хэлээд, уурхайчин хамт олонд амжилт хүслээ.