Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга өнөөдөр Монгол Улс-Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын /ХБНГУ/ Зэвсэгт хүчний хамтарсан Уулын явган цэргийн дунд шатны сургалтын үйл ажиллагаатай танилцлаа.
Тус сургалт нь байгуулагдаад дөрвөн жил болж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний Уулын тусгай батальон буюу 331 дүгээр ангийн алба хаагчдыг дадлагажуулах, тэднийг бие даан уулын сургалт явуулах нөхцөлийг бүрдүүлэх, уулын чиглэлээр мэргэшүүлэх ач холбогдолтой юм.
Тодруулбал, Монгол Улс, ХБНГУ-ын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан Уулын явган цэргийн анхны сургалтыг 2019 оны тавдугаар сарын 15-23-ны өдрүүдэд ХБНГУ-д зохион байгуулж, Зэвсэгт хүчний уулын тусгай батальоны 4 цэргийн алба хаагч ажиглагчийн статустай оролцон туршлага хуримтлуулжээ.
Улмаар Зэвсэгт хүчний Уулын тусгай батальон, ХБНГУ-ын Уулын явган цэргийн 23 дугаар бригадын сургалтын хөдөлгөөнтэй бүлэгтэй хамтран Уулын явган цэргийн анхан шатны сургалтыг 2019 оны есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 24-ний өдрүүдэд Монгол Улсад буюу Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зохион байгуулж, 60 цэргийн алба хаагч оролцсон байна.
Харин энэ удаагийн буюу дунд шатны сургалтыг 2020 оны аравдугаар сарын 2-30-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд “Уулын явган цэргийн тактикийн ажиллагаа-буудлага”, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт “Тактикийн ажиллагаа-хадан авиралт” сэдвийн хүрээнд зохион байгуулж, хоёр улсын 90 цэргийн алба хаагч оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга сургалтын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа сургалтад оролцож буй бие бүрэлдэхүүнд хандан үг хэллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:
“Эрхэм Элчин сайд, хүндэт зочид, хатагтай ноёд оо,
Хоёр улсын Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч нар аа,
Одоогоос 27 жилийн өмнө Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд цэргийн дипломат харилцаа тогтоосноос хойш цэргийн салбар дахь гадаад харилцаа, хамтын ажиллагаа нь жилээс жилд өргөжин хөгжиж, 1995 оноос хойш Герман улсад суралцсан офицер ахлагч нарын тоо 250 хүрсэн ба өнөөдрийн байдлаар 15 цэргийн алба хаагч амжилттай суралцаж байна.
Монгол Улсын батлан хамгаалах салбар, тэр дундаа Зэвсэгт хүчин нь манай хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэж ирсэн уламжлалтай. Үүнд: Афганистан улсад энхийг дэмжих ажиллагаанд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын тэргүүлсэн Хойд бүсийн командлалд манай цэргийн баг мотобуудлагын салааны бүрэлдэхүүнтэйгээр германы цэргүүдтэй 2009 оны 12 сараас эхлэн мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Нийтдээ 2,400 гаруй цэргийн алба хаагч давхардсан тоогоор Афганистан улсад үүрэг гүйцэтгэсэн байна.
Мөн энэ ташрамд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Зэвсэгт хүчинд ажиллагааны өмнөх бэлтгэлийг хамтран зохион байгуулж байдагт талархал илэрхийлье.
Хоёр орны цэргийн хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжиж байгаагийн нэгэн илэрхийлэл болж, хамтын ажиллагаанд түүхийн шинэ хуудсыг нээсэн Зэвсэгт хүчний хамтарсан уулын явган цэргийн дунд шатны сургалтын үйл ажиллагаанд оролцож байгаадаа миний бие баяртай байна.
Манай хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаар дамжуулан бусад салбаруудын хамтын ажиллагааг харилцан хөгжүүлж, иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсэн ололтыг бататган, харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн төлөөх үйл явцад батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин маань манлайлан ажиллана гэдэгт миний бие итгэлтэй байна.
Төгсгөлд нь, Монгол Улсын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж, монгол цэргийн нэр хүнд, мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэлтийг дэлхийн тавцанд бататгах, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бүрдүүлж бэхжүүлэхэд тодорхой дэмжлэг үзүүлж буй Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Батлан хамгаалах яам, түүний дотор ажиллагааны өмнөх бэлтгэлийг хамтран зохион байгуулж буй 21 дүгээр танкийн бригад, уулын явган цэргийн сургалтыг хамтран зохион байгуулж буй 23 дугаар уулын явган цэргийн бригадын удирдлага, бие бүрэлдэхүүнд тус тус халуун талархал илэрхийлж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Монгол цэргийн сүлд хийморь үүрд мандан бадрах болтугай” гэлээ.
Энэ үеэр Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг нар байлцлаа.