Шуурхай: МИАТ-ын нислэгийг 7 хоногоор түр зогсоолоо

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь БНХАУ-ын аж ахуйн нэгжийн хүсэлтийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Москва-Улаанбаатар-Хөх хот-Бээжин чиглэлд ОХУ-д саатсан БНХАУ-ын 160 иргэнийг БНХАУ руу тээвэрлэн хүргэх захиалгат нислэгийг үйлдсэн.

Энэхүү нислэгийг Боинг 767 маягийн агаарын хөлгөөр үйлдэж “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд түлш цэнэглэсэн бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн зорчигч тус агаарын хөлгөөс буухгүй байхаар зохион байгуулагдсан. Мөн зорчигчдод ОХУ-д шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьсан. Гэвч Хөх хотод Ковид-19 вирусийн шинжилгээ авахад БНХАУ-ын 5 иргэнээс халдвар илэрсэн байна.

Энэ төрлийн нислэгийг БНХАУ-ын ИНЕГ-ын зөвшөөрлөөр хийдэг ба одоогийн байдлаар нислэг үйлдэж байгаа компаниудаас Ковид-19 халдвартай зорчигч илэрсэн гэсэн үндэслэлээр

Ethiopian Airlines (5 долоо хоног),
China southern (5 долоо хоног),
Saudi Arabian Airlines (1 долоо хоног),
Vietnam Airlines (1 долоо хоног) болон
МИАТ Mongolian Airlines (1 долоо хоног)-ийн нислэгүүдийг түр зогсоосон.

МИАТ ТӨХК нь Ковид-19 вирусийн халдвар илэрснээс хойш үйлдэж буй бүх захиалгат болон тусгай үүргийн нислэг бүрийн дараа агаарын хөлгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Монгол Улсын ХӨСҮТ болон Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA)-ноос гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын ХӨСҮТ, ЗӨСҮТ-ээр ариутгал, халдваргүйжүүлэлтийн зохих дүрэм, журмын дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийж, жирийн үед 6 сар тутамд сольдог агаарын хөлгийн шүүлтүүрийг нислэг тутамд солин өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Дээрх нислэгт ажилласан МИАТ ТӨХК-ийн нисэх бүрэлдэхүүн Ковид-19 шинжилгээ өгч халдваргүй гарсан болно.

Эх сурвалж: Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …