“КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр “Гүүд Нэйборс” болон “Ногоон Ази” ОУБ-уудын Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан НЗДТГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх” төслийг Багануур, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Налайх гээд нийслэлийн долоон дүүрэгт хэрэгжүүлэхээр болсон.
Тэгвэл өчигдөр “Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх” төслийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд төслийг хэрэгжүүлэгч Олон улсын байгууллага болон төрийн, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцсон юм. Нээлтийн арга хэмжээг нээж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар үг хэлсэн. Тэрбээр “2020 он бол дэлхий нийтээрээ Ковид-19 цар тахлыг даван туулах нэгдмэл зорилготой онцлог жил болж байна. Монгол Улсын Засгийн газар цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа хэдий ч ажилгүйдэл, ядуурал ихэсч, энэ нөхцөл байдал нь гэр бүл, хүүхдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, “Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлж, сургууль, цэцэрлэгийг түр хааснаас үүдэн гэр бүл, хүүхдийн амьдралд гарсан өөрчлөлтийн нөхцөл байдалд манай байгууллагаас хийсэн түргэвчилсэн үнэлгээ”-гээр Хүүхдийн тусламжийн 108 утасны төвд ирсэн дуудлага 34,3 хувь, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын тоо 217,4 хувиар тус тус өссөн байна.
ГБХЗХГ-ын хийсэн “Түргэвчилсэн үнэлгээ”-гээр илэрсэн амьдралын нэн ядуу түвшинд амьдарч байгаа 9 дүүргийн 90 айлд агентлагийн зүгээс хүнс, эрүүл ахуйн тусламж хүргэж, тухайн гэр бүлд нөхцөл байдлын үнэлгээ хийхэд цар тахлын өмнөх үеийн байдлаас хэд дахин хүнд нөхцөлд орсныг нүдээр харж, зүрх шимширч, заримд нь дахин туслах санаачлага гаргаж, Дүүргүүдийн ЗДТГ-тай хамтарч 5 гэр бүлд газар олгуулж, Дэлхийн зөн Монгол ОУБ-тай хамтран 7 айлыг орон гэртэй болгож, эрүүл мэнд, халамж, газрын албанд холбон зуучилж, дэмжлэг үзүүлэх ажил үргэлжилж байна.
Ийм хүнд хэцүү үед “КОЙКА” ОУ-ын Хамтын Ажиллагааны Байгууллагын санхүүжилтээр “Ковид-19 цар тахлыг даван туулах чадавхыг дэмжих” төслийг хэрэгжүүлж байгаа “Гүүд Нэйборс” ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар, “Ногоон Ази” ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран хэрэгжүүлж байгаадаа талархалтай байна.
Өнөөдрийн хувьд “Ковид-19 цар тахлыг даван туулах чадавхыг дэмжих төсөл”-ийн хүрээнд хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад чиглэсэн эерэг хандлагатай шторк болон постерууд бэлэн болж, нээлтээ хийж байгаа нь бидний хамтын ажиллагааны нэг хэсэг юм. Монголын хүүхэд гэр бүлийн сайн сайхны төлөө үйлсэд санаа тавьж, мэргэжлийн мэдлэг, ур чадвар, арга зүй, эдийн засгийн буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалтаар байнга дэмжиж ажилладаг ОУ-ын Гүүд Нейборс байгууллага, энэхүү контентуудыг чанарын өндөр түвшинд хийж, олон нийтэд түгээж байгаа “Намуун зэт” продакшны уран бүтээлчдэд баярлалаа. Төслийн хэрэгжилтэнд амжилт хүсье” гэсэн юм.
Ташрамд дурьдахад төслийн хүрээнд хүрээнд 7000 өрхөд хүнс, эрүүл ахуйн багц тараахаас гадна 3500 өрхийг манай гэр хөгжлийн хөтөлбөрт хамруулах юм. Түүнчлэн 2800 эмч, эмнэлгийн ажилтанд хамгаалах хэрэгсэл өгөх бол 2100 өрхөд гар угаах угаалтуур өгөх, 1000 өрхөд угаалгын үйлчилгээ үзүүлэх мөн 49 өрх толгойлсон эмэгтэйг түр ажлын байраар хангах юм. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжинэ.